Тандалт судалгааны албанаас “үжлийн шалтгаант эхийн эндэгдлийн тохиолдолд“ суурилсан цахим хурал ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас үжлийн шалтгаант эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил халдвар” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэл зүйн тасгийн эмч, судлаачид, болон УНТЭ, УГТЭ, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүргийн ЭМТ, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, сумдын 115 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Цахим хурлаар Амгалан амаржих газрын ЭЖСТ-ийн эрхлэгч А.Мэндбаяр, ХАЯТТ-ийн эрхлэгч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Б.Батсайхан, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Мөнгөн нар “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”-ийг танилцууллаа. ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч Б.Лхагвасүрэн “Үжил халдвар” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Тэрээр цусны бүлэн, үр хөврөлийн үлдэгдэл нь бичил биет үржих таатай тэжээлт орчин болох тул эх барихын үжил халдварын үед умай халдвар орох үүд хаалга болж, жирэмсэн үеийн дааврын өөрчлөлт, умайн цусан хангамжийн онцлогоос шалтгаалан, халдвар үүсгэгч цусанд хялбар орох нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа. Түүнчлэн эхийн биеийн халуун буурах, зүрхний цохилт түргэсэх, амьсгалын тоо олшрох, артерийн даралт буурах, шээсний гарц багасах, ухаан алдах, хариу үйлдэл үзүүлэхгүй байх зэрэг эмнэлзүйн шинжээр жирэмсэн эмэгтэйд үжлийг эрт илрүүлэн, эх барихын эхэн үеийн сэрэмжлүүлэг бүхий эдгээр өөрчлөлтийг оноогоор (MEOWS) үнэлэн, эхийг хянах, үжил халдварын үед эмгэг явцыг үүсгэж, дэмжиж байгаа үндсэн хүчин зүйлсийг арилгах, цусны эргэлт, хийн солилцоо, цусны реологи, бүлэгнэлтийн гажуудал, ус эрдсийн алдагдал, бодисын солилцооны хямралыг засах, эргэшгүй өөрчлөлт гарахаас өмнө орлуулах эмчилгээг эрт эхлэх зэргээр эрчимт эмчилгээг 3 чиглэлээр хийх зэрэг эмчилгээний чухал санамжуудыг зөвлөв.