Улсын гуравдугаар төв эмнэлэгт турк улсын “MEDICANA HOSPITAL” хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг БАЙГУУЛЛАА
2022 оны 07 сарын 23-ны өдөр тус эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын Инстанбул хотын “MEDICANA HOSPITAL” Олон улсын эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын Мэдрэл зохицуулгын (Нейромодулаци) төвийн захирал профессор Атилла Илмаз тэргүүтэй төлөөлөл хүрэлцэн ирж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшний хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийн, хойшид хамтран ажиллах талаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж гарын үзэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал хойшид Монгол улсад Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, Мэдрэлийн мэс заслын төвийг түшиглэн “Мэдрэл зохицуулгын төв”-ийг байгуулах, нейромодулаци мэс заслын төрлүүд болох паркинсон, эпилепсийн үеийн мэс заслууд, тархин нугасны нейрофизиологийн суулгац суулгах мэс заслууд зэрэг тархи нугасны үйл ажиллагааны зохицуулга зайлшгүй шаардагдах өвчин эмгэийн үеийн нийт 5 төрлийн мэс засал эмчилгээг нутагшуулах, дээрх өвчнүүдийн оношиилгоо эмчилгээний менежментэд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар мэргэжилтнүүдийг чадавхижуулах, иргэдийг эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Мөн энэ удаагийн айлчлалаар тархи, нугасны үйл ажиллагааны зохицуулга эмчилгээний чиглэлээр мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байранд дээр сургалт зохион байгуулж, үйл ажиллагааны зохицуулга шаардлагатай зарим эмчлүүлэгчид хамтарсан үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү зорилтот үйл ажиллагааны хүрээнд Мэдрэл, мэдрэлийн мэс заслын чиглэлийн ялангуяа хөдөлгөөний эмгэг бүхий эмчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношлогдон, эмчлэгдэх бүрэн боломжтой болж, улмаар тэдний нийгмийн амьдралын оролцоо, хүртээмж, амьдралын чанарыг нь сайжруулах өргөн боломжийг бий болгох юм.