М.Тунсаг: Олон удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласныг маань Төр засаг үнэлж байгаад туйлын их баяртай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад дэгдсэн таван удаагийн халдварт өвчний голомтонд ажиллаж, эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж, тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан 27 жил ажилласан ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн Дэд захирал асан, Сүрьеэгийн зөвлөх эмч, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, ХӨСҮТ-ийн клиникийн профессор М.Тунсагт Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртээлээ.
Шинэхэн гавьяат эмч М.Тунсаг "Монгол Улсад дэгдсэн олон удаагийн халдварт өвчний голомтонд удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажилласан. Эрүүл мэндийн салбарт сумын эмчээс эхлээд нийт 37 жил ажилласан. Үүнээс 27 жил ХӨСҮТ-д ажилласан бөгөөд сүүлийн 8 жилд тус төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан ажилласныг өнөөдөр Төр засаг маань үнэлж шагнасанд туйлын их баяртай байна.
Юуны өмнө төрүүлсэн ээж, аав, төрсөн нутаг Төв аймагчуудадаа, үр хүүхэд, хань ижил, төрсөн ах дүү нар болон ХӨСҮТ-ийн нийт хамт олонд маш их баярлалаа. Энэ бол манай хамт олны шагнал. Мөн дэлхий нийтэд нүүрлэсэн Коронавируст халдварын хүнд үеийг даван туулахад улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, удирдан зохион байгуулан ажилласны төр үнэлэн өнөөдөр гавьяат эмч хэмээх эрхэм цолыг аваад нийтийн дунд үгээ хэлж зосгож байна гэдэг бол эрүүл мэндийн салбарын гавьяа гэж харж байна." гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд 37 жил хөдөлмөрлөхдөө дотрын болон халдварт эмнэлгийн тусламж үйлчилгээг олон өвчтөнд үзүүлж, орон нутаг, аймаг, хот хоорондын алсын дуудлагад 528 удаа ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай газар дээр нь үзүүлэхдээ мэргэжлийн ур чадвар дайчлан хөдөлмөрлөж, бүх нийтийг хамарсан халдварт өвчин вирусийн халдваруудын голомтуудад ажиллаж, 2015-2016 онд дэгдсэн Улаан бурхан өвчний тархалтыг бууруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад санаачилгатай оролцож, дэлхийн нийтийг хамарсан Коронваируст халдварын тархалтын үед ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ХӨСҮТ-ийн Дэд захирал асан Мөрнэрэнгийн Тунсагийг Монгол Улсын ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ-ээр шагнаж байна." гэдгийг онцлон тэмдэглэв.