Гепатит өвчний талаар дахин эргэцүүлэн бодоцгооё
2010 оны 5 дугаар сард хуралдсан ДЭМБ-ын чуулга уулзалтаар жил бүрийн 07 дугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Уг өдрийн манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Гепатит өвчний талаар дахин эргэцүүлж бодоцгооё” гэсэн уриан дор үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Иргэдийн вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, эрт илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа юм.
Тиймээс өнөөдөр вируст гепатит өвчний тархалт ямар байгаа болон уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх тасгийн эрхлэгч Ц.Нарангарав, ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Манай улс В, С вируст гепатит өвчний тархалт өндөртэй орны тоонд ордог төдийгүй вируст гепатитын хүндрэл, элэгний архаг өвчлөл, хатуурал, хавдрын түвшин жилээс жилд нэмэгдэж, вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх, архаг гепатиттэй болон вирус тээгчдийг эмчлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
В, С вируст гепатитын халдвартай хүмүүсийн ихэнх нь халдвар авсан эсэхээ мэддэггүй. Ялангуяа гепатитын В вирусын халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг байна. Халдвар авсан нярайн 90 орчим хувьд нь халдвар архагшиж, элэгний хатуурал, хавдар болох магадлал өндөр байдаг ажээ.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран иргэд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдийн В,С вируст гепатит өвчний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, эрсдэлтэй дадал, хандлагыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал,
ХӨСҮТ-ийн хамт олон 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй элэгний вирусын шинжилгээ авч элэгний хатуурал цирроз хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх гэж байна. Монгол орон даяар элэгний хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг эхлүүлэн HCV HBsAg вирустэй иргэдийг эрт оношлож, хяналтад оруулах, эмчилгээнд хамруулах мөн элэгний вирустэй иргэдийг бүртгэн авч эмчлэх зорилгоор 151103 тусгай дугаараар бүртгэж авч байгаа ажээ. Иргэд энэхүү дугаарт өөрийн овог нэр, нас хүйс регистрийн дугаар ямар төрлийн вирустэй вэ гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой юм байна.
Гепатит нь элэгний 9 төрлийн вирусаар үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин юм. Эдгээрээс А, В, С, D, E зэрэг вирусууд зонхилон өвчлөл үүсгэдэг байна. Өвчний явц, үр дагавар, хүн амыг олноор хамарсан өвчлөл үүсгэх шинж чанараараа дээрх 5 төрлийн вирус өөр хоорондоо ялгаатай.
Элэгний А, Е вирус нь бохирдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар, В, С, D вирусууд нь халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, бусад биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн багаж хэрэгсэл, /зүү, тариур/ зэргээр дамжин халдварладаг. Түүнчлэн В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар тус тус халдварладаг ажээ.
Хурц хэлбэрийн гепатитын халдвар нь арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Гепатит өвчнөөс маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буурдаг байна.
Мөн А, В вируст гепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх, ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний хяналт, шинжилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх, бэлгийн аюулгүй харьцааг эрхэмлэх /бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх гэх мэт/, судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах, шивээс хийлгэх, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэх зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх зэргээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Манай улс уг өвчнийг 1952 онд албан ёсоор бүртгэж авсан бөгөөд 1962 онд өвчлөлийн оргил үе байсан байна. 10,000 хүн амаас 331 хүн өртөж, байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүн амд 30 промиль хүртэл буурсан байна. Нийт вируст гепатитын 85 орчим хувийг А, 10 орчим хувийг В, 2 хувийг С вируст гепатит тус тус эзэлж байсан.
Харин 2005-2011 онд Улаанбаатар хот болон өвчлөл өндөртэй зарим аймгуудыг сонгон авч, А вируст гепатитын эсрэг вакцинаар 49,303 хүүхдийг дархлаажуулсан бөгөөд 2012 оноос эхлэн шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг 1 нас 2 сартайд болон 2 настайд нь А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж байна.
А вируст гепатитаар өвчлөгсдийн зонхилох хувийг 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлдэг бол цочмог В вируст гепатитаар 20-29 насныхан, С вирусаар 30-аас дээш насныхан ихэвчлэн өвчилдөг байна.
В вируст гепатитын эсрэг дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80 хувь нь халдвартай байсан бөгөөд насанд хүрэгчдийн 15-20 хувь, бага насны хүүхдийн 5-11 хувь нь В вирусын архаг тээгч болохыг судлаачид тогтоосон байна.
1991 оноос В гепатитын вакциныг үндэсний өргөн дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлснээр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд элэгний В вирус тээгчийн тархалт 0,53 хувьд хүрчээ. Энэ нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтад хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдох элэгний В вирусыг тээгчийн тархалтыг 2 хувиас бууруулах” зорилтод хүрсэн байна.