С.ЭНХБОЛД: Элэгний дельта вирусын халдвартай иргэдийг оношилгоо, эмчилгээнд хамруулна

2022 оны 6 сарын 13

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар танилцуулав. Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусын халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусын оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг салбарын сайд тодотгоод 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусын халдвар эзэлж байна.

Гепатит В вирусын халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусын халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна гэж байлаа. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусын халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг найман лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна.


Үүнд, элэгний В  вирусын таван нэрийн найман төрлийн эм, элэгний С вирусын гурван нэрийн найман төрлийн эм олгож байна. Үүний нэгэн адил элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна. Hepcludex эмийг 2021 оны А/347 дугаар тушаалаар хоёр жилийн хугацаагаар өнчин эмийн жагсаалтад оруулсан.


Ингэснээр Монгол Улс уг эмийг импортлон эмчилгээнд хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэхүү эм нь 1995 оноос эхлэн судлагдаж, 2014 оноос Европын орнуудад эмнэлзүйн туршилтыг эхлүүлэн, 322 өвчтөнд хэрэглэсэн бөгөөд эрүүл мэндийн ноцтой хүндрэл гараагүй, эмчилгээний үр дүн сайн гэж үнэлэгдсэн гэж байлаа.  

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд хорт хавдарын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэж улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаарх мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлж, хувь хүний онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх, оношлох тогтолцоог бүрдүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан байна.

2022 онд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ”-г тус тус баталсан гэдгийг дурдлаа. 

Arslan.mn

Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгоод эрүүл мэндийн даатгалын багцад орсон үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой.

2022 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 9-ний байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 170 778 хүн хамрагдсанаас 46.2 хувь нь эрэгтэйчүүд, 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Байршлаар нь харуулбал 86 739 буюу 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 84 040 буюу 49.2 хувь нь орон нутагт  хамрагдсан.     Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн 71643 тохиолдол бүртэгдсэнээс 51711 буюу 72.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7.5 хувийг дотоод шүүрлийн эмгэгүүд, 5.2 хувийг амьсгалын тогтолцооны эмгэг, 2.9 хувийг зүрх судасны эмгэг эзэлж байна гэв.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан иргэд эх орондоо оношлогдон эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орчин үеийн үндэсний оношилгоо, эмчилгээний төвүүдийг байгуулах ажлын явцын талаар мэдээлэв. 

Мөн мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн гавлын суурийн мэс засал, тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед ашиглагддаг, эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага, тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авах сүүлийн үеийн шинэ технологи “Мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын навигацийн төхөөрөмж”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын нэгдсэн I,II,III төв эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна гэж байлаа. 

Түүнчлэн 2016 оноос  Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээг Улсын нэгдсэн III төв эмнэлэгт хийж эхэлсэн. 2021 онд энэ эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетер аблаци”-ийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, эмчилгээ үйлчилгээ хийхэд бэлэн болгосон гэв. 

Нарийн гэдэсний оношилгоо хийхэд хүндрэлтэй байдаг байсан өндөр өртөг бүхий “нарийн гэдэсний дуран” тоног төхөөрөмжийг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, дурангийн оношилгоо, эмчилгээ хийж эхэлсэн. Үндэсний хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд удамшлын эмгэг, хромосомын эмгэгийг цитогенетик, молекул биологийн аргаар оношлох, пренатал скрининг, оношилгоо хийх зорилготой жирэмсний 1 ба 2 дахь гурван сард хийгдэх удамзүйн шинжилгээний цогц аргаар шинжлэх, удамзүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, удамшлын эмгэгийн өнөөгийн байдалд тандалт хийх “Удам зүйн лаборатори”-ийг 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улсын төрөх эмнэлгүүдэд суурилуулж байна. Коронавируст халдварын эмчилгээ, эрчимт эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг С.Энхболд сайд мэдээлэлдээ дурдлаа. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Баярсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлэв. 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИЛД 120-130 ХҮҮХЭД ШИНЭЭР ХОРТ ХАВДРААР ОНОШЛОГДОЖ БАЙНА

УИХ-ын гишүүд 2021 онд 55 хүүхэд  хорт хавдрын өвчлөлөөр нас барсан тоон мэдээлэл байгааг тодотгоод хүүхдийн хорт хавдраар өвчилж буй шалтгааныг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрт илрүүлэг үзлэгийн явц байдал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа. 

Эрүүл мэндийн яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох хариултдаа, 2002 оны тавдугаар сарын 01-нээс эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгийн явцыг өчигдрийн байдлаар авч үзвэл 170 гаруй мянган хүн хамрагдаад байгаагийн 70 гаруй мянган хүнд өвчлөл бүртгэгдсэн байна. Бидний хувьд монголчуудад зонхилон тохиолддог найман төрлийн хавдрыг эрт илрүүлгээр илрүүлэхээр зорьж байгааг онцолсон. Мөн тэрбээр, 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн 39.1 хувь нь элэгний хавдар байсан бол 2021 оны жилийн эцсийн дүнгээр 32.7 хувь болсон. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт хавдрын эзлэх хувьд элэгний хавдар 6.4 хувиар буурсан нь үр дүн сайтай байна гэж  үнэлсэн гэв.   

Монгол Улсын хэмжээнд жилдээ 120-130 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдож байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг цусны хавдар эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод үүнд хүнсний хэрэглээ, цаашлаад хүнсний сав, баглаа, боодол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг тул нийгмийн хөгжлөө дагаж өвчлөл нэмэгддэг талтайг тодотгосон. Салбарын яамны зүгээс хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулахад бусад салбаруудтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Удам зүйн лаборатор”-ийг байгуулах буюу хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох лабораторийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулан ажиллаж байна хэмээлээ.

Мэдээллийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, салбарын яамны удирдлагууд асуулгаас гарсан гишүүдийн саналуудыг онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд “Элэг бүтэн Монгол”  чухал хөтөлбөр тул цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Зөвхөн Д вирусийн эмчилгээг хүлээх биш холбогдох хэлэлцээрүүдээ хийхээс эхлээд бусад  эмчилгээнүүдээ сайн хийхэд анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн тэрбээр, цаашид эрт илрүүлэх үзлэгийг оновчтой болгох, эрүүл мэндийн салбараа эдийн засагжуулах, цалин хөлс бага, ажлын ачаалал маш өндөр байгаа эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637891
0 эможи

С.Энхболд ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up