ЗӨВЛӨЕ| Антибиотик эм хэрэглэж байх явцад сүү, сүүн бүтээгдэхүүн, цитрусын төрлийн жимс хэрэглэхийг ХОРИГЛОДОГ

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Энэ удаагийн  "ЗӨВЛӨЕ" булангаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс АНТИБИОТИК ЭМИЙН зохистой хэрэглээний талаар  зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Антибиотик гэж юу вэ?

“Антибиотик” гэдэг үг нь “амьдралын эсрэг” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Антибиотик нь нян буюу бичил биетний өсөлт болон амьдрах чадварыг зогсоодог бүлэг эмийн бэлдмэл юм.

Антибиотик эмийг юунаас гарган авдаг вэ?

Английн эрдэмтэн Александр Флеминг 1928 онд туршилт хийх явцдаа нээж пеницллин гэж нэрлэсэн ба 1938 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэн Говард Флори, Эрнст Чейн нар пенициллинийг цэвэр хэлбэрээр нь гарган авсан. 1941 оноос Пеницилинийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна. Түүнээс хойш олон төрлийн антибиотикийг эмчилгээнд хэрэглэж байгаа ба орчин үед антибиотикийг хөгцний мөөгөнцөр, зарим бактери, ургамлаас төдийгүй нийлэг болон хагас нийлэг аргаар гарган авч байна.

Антибиотик эмийг хэдийд хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгийн халдвараар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэнэ.  Нянгийн халдвараар үүсгэгдсэн өвчин оношлогдсон бол юуны түрүүнд нян судлалын буюу антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээг заавал хийлгэх шаардлагатай. Энэхүү шинжилгээгээр халдварыг үүсгэсэн нянгийн төрөл, уг нян ямар антибиотикт мэдрэг байна вэ гэдгийг тогтоодог. Ингэснээр нянгийн халдварыг богино хугацаанд, зөв эмчлэх боломжтой. 

Антибиотик эмийг хэрхэн зохистой хэрэглэх вэ?

Дээр дурдсан шинжилгээнд үндэслэн эмчийн бичсэн жороор антибиотик эмийг зааврын дагуу үргэлжлэх хугацаа, уух дэглэмийг нарийн баримтлан хэрэглэнэ. Эмч жор бичихдээ тухайн хүний биеийн жин, нас, өвчний онцлог байдалд тохируулж, эмийн тун хэмжээ, үргэлжлэх хугацааг тодорхойлдог.  

Мөн антибиотик эм хэрэглэж байх явцад сүү, сүүн бүтээгдэхүүн, цитрусын төрлийн жимс, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглодог.

Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавар болон эм зүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй.

Харин вирусээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтын үед антибиотик эм ямар ч үр дүнгүй  болохыг анхаарах нь чухал. 

Антибиотик эмийг буруу хэрэглэвэл ямар эрсдэл үүсэх вэ?

Антибиотик эмийг заавал эмчийн бичсэн жороор хэрэглэнэ. 

Эмчийн жоронд бичсэн эмийг заасан хугацаанаас дутуу хэрэглэх, эмийн тун хоорондын зайг баримтлахгүй байх зэргээс шалтгаалан зарим эрсдэл үүсдэг. Тухайлбал: 

  • Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ.
  • Өвчин архагшина.
  • Оношлоход төвөгтэй болно.
  • Хүний биеийн ашигтай нянг устгана.
  • Мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Өвчний үүсгэгч нян эмэнд дасаж тухайн халдварыг эмчлэхэд хүндрэлтэй болох зэргийг анхаарах хэрэгтэй.

Антибиотик эм хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрдэг вэ?

Ер нь аливаа эмийг хэрэглэх явцад эмчилгээний үйлдлээс гадна хүсээгүй гаж нөлөө үүсгэж болдог.

Антибиотик эмийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно. 

  • Дотор муухайрах, огих, бөөлжих
  • Суулгах, гэдэс эвгүйрхэх
  • Арьс, нүд улайх, загатнах гэх мэт харшлын шинж тэмдэг илэрч болно. Ийм гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмээ хэрэглэхээ зогсоон эмч, эм зүйч мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хандах шаардлагатай. 

Антибиотикийг хэрхэн хадгалах вэ? 

Ихэнх ууж хэрэглэдэг антибиотикийг 25º C-ээс дээшгүй температурт, хүүхэд хүрэхгүй газар, гэрлээс хамгаалж, савласан хайрцаг дээрх хүчинтэй хугацаа хүртэл хадгална.  Онцгой тохиолдолд үйлдвэрлэгчийн заасан горимын дагуу хадгалахыг анхаарна уу!

Антибиотик эмийн дасал гэж юу вэ?

Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэгч нянгууд хувирч өөрчлөгдөн тухайн халдварыг эмчлэгч антибиотикт дасалтай болохыг хэлнэ. Антибиотик эмийн дасал (тэсвэржилт) үүсэх шалтгаан:

  • Антибиотик эмийг удаан хугацаанд тун хэтрүүлэн хэрэглэх 
  • Эмчилгээний явцад антибиотик эмийг бүрэн гүйцэд хэрэглэхгүй дутуу орхих
  • Антибиотик эмийг хөдөө аж ахуйн салбарт буюу мал амьтанд хэт их хэрэглэх
  • Антибиотик эм шаардлагагүй үед хэрэглэх 
  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг баримтлахгүй байх 
  • Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэх

Антибиотик эмийн зохисгүй буруу хэрэглээнээс шалтгаалан төрөл бүрийн нянгууд антибиотикт тэсвэртэй болж байгаа нь зарим төрлийн нянгийн халдвараар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд маш хүндрэлтэй байдалд оруулж байна. Энэхүү “антибиотикийн тэсвэржилт”-ийн улмаас дэлхий дахинд сая сая хүн нянгийн халдварт өртсөний улмаас нас барж байгаа тоо баримт байна гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
637803
11 эможи

ЗӨВЛӨЕ
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up