Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98846 хүн ХАМРАГДЖЭЭ
“Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэж үзэж буй.
2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатар хотод, 43.9 хувь нь орон нутагт хамрагдсан байна.
Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах, Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд мэдээлжээ. Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах цогц арга хэмжээ төлөвлөх, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах, дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа аж.