Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган 5 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чууллаа. КОВИД-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим хэлбэрээр хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн энэ жилийн ээлжит чуулганд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн улсууд биечлэн оролцов. Чуулганы нээлтэд Швейцар, Кени, Хорват, Доминикан, Ботсвана, Эквадор, Франц, Бангладеш зэрэг улсуудын төр, засгийн тэргүүн нар, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар оролцож үг хэлэв. Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн онц ноцтой байдал, гамшиг тохиох үед хариу арга хэмжээ авах чадавх, бэлэн байдал хангалтгүй байгааг КОВИД-19 цар тахал харуулсан болохыг үг хэлсэн өндөр түвшний зочид онцлон тэмдэглэж цаашид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх замаар ирээдүйн цар тахалд бэлэн байх, ДЭМБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэх, цар тахлын бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг асуудлыг хөндөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эрүүл мэндийг хамгаалах үйлсийн урьдач нөхцөл нь энх тайван, аюулгүй байдал болохыг онцолж, олон улсын энх тайван, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахыг дэлхийн улс орнуудын төр, засгийн удирдлагуудад уриалав. Чуулганы Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Жибути Улсын Эрүүл мэндийн сайд Др. Ахмад Абдиллехыг сонгогдсон бол А хорооны хурал даргалагчаар Япон Улс, Б хорооны хурал даргалагчаар БНЭУ тус тус сонгогдлоо.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид чуулганы А хорооны хуралдаанаар хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаарх өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын хүрээнд амлалт авсан асуудлуудаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилт, явцын тайланг тайлагналаа. Түүнчлэн энэ удаагийн чуулганаас тогтоол гаргаж батлах “ХДХВ, вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээрх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2022-2030” баримт бичгийн хэлэлцүүлэгт оролцож Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.
Ассамблейн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касайтай албан уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүнчлэн энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн үндэсний хэмжээний эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийн хөтөлбөрийн тухай танилцуулав. Бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим оновчтой арга хэмжээг бүсийн бусад улс орнуудад нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа болохыг мэдээлэв. Тухайлбал, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийг гэрийн хяналтад шилжүүлэх тогтолцоо, өрхийн эмнэлгийн хяналт, эмийн багц зэрэг нь бусад улсуудад сайн туршлага болж байна гэлээ. Түүнчлэн ДЭМБ-аас дэвшүүлсэн нийт хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилтыг хангах чиглэлээр Монгол Улс бүсийн зарим улсуудын адил өндөр амжилт гаргасныг тэмдэглэж сайшаав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын дунд эрт илрүүлэх үзлэг шинжилгээг зохион байгуулж байгааг сайшааж, дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн нь бүсийн төдийгүй дэлхийн улс орнуудад судалгааны чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр ирэх сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ дээрх эрт илрүүлгийн хөтөлбөрийн хэрэгжилт болон анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг газар дээр нь танилцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Чуулганы үеэр зохион байгуулагдсан ДЭМБ-ын Ерөнхий захирлыг сонгох санал хураалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцлоо. Энэ удаад ДЭМБ-ын 6 бүс нутгийн 28 улсаас одоогийн Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусусыг нэрийг дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч дийлэнх олонхийн саналаар дахин 5 жилийн хугацаатайгаар тус байгууллагын Ерөнхий захирлаар томилогдов. Чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусустай албан уулзалт хийв. Гишүүн улс орнуудын олонхийн саналаар дахин сонгогдож, ДЭМБ-ын Ерөнхий захирлын албан тушаалд улиран томилогдсонд Др.Тедрос Гебрейусуст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Эрүүл мэндийн сайд С.Энхболд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээ, нөхцөл байдлын талаар товч танилцуулж, ДЭМБ-аас санаачлан НҮБ-ын системийн байгууллагууд болон олон улсын доноруудын санхүүжилтээр хэрэгжүүлж буй вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөр болон халдварын эсрэг эм, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах АСТ-А хөтөлбөрүүд нь хөгжиж буй улс орнуудад нэн шаардлагатай вакцин, эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн нь цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэж, дээрх хөтөлбөрүүдийн үр шимийг хүртэгч улсуудын нэг болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ДЭМБ-д талархал илэрхийллээ.
Сайд С.Энхболд 2021 онд шинээр байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг товч танилцуулж, эм, эрүүл мэндийн технологийн хяналт, зохицуулалтыг хариуцах уг агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын шинжээчдийн багийг Монгол Улсад томилон ажиллуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ-ын Ерөнхий захирлаас хүсэв. Тодруулбал, эмийн хяналтын үндэсний лабораторийн хүчин чадалд үнэлгээ хийлгэж, шинжээчдийн багаар лабораторид тавигдах олон улсын стандарт шаардлага зэргийг тодорхойлуулж, түүний дагуу хүчин чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах зэрэгт шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүслээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус дээрх хүсэлтийг хүлээн авч, ДЭМБ-ын шинжээчдийн багийг, шаардлагатай бол хөндлөнгийн шинжээчдийг багийг ч илгээж болохыг мэдэгдээд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахалтай үр дүнтэй тэмцэж, харьцангуй хохирол багатайгаар даван туулж байгаа явдалд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргээд цар тахал дуусах болоогүй байгааг сануулж, цааш цаашдын шинэ давлагаанд бэлтгэлтэй байх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцсон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганы үеэр Женев хотноо ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобал сангийн Монгол Улсыг хариуцсан удирдах албан тушаалтнууд болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны удирдах албан тушаалтнуудтай тус тус хоёр талын ажил хэргийн уулзалтыг хийлээ.