ДЭМБ-ын тэргүүнээр Тедрос Аданом Геборейесус улиран сонгогджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүнээр Тедрос Аданом Геборейесус улиран сонгогджээ. Өчигдөр явуулсан нууц санал хураалтад тэрээр Жибути улсын иргэн Ахмед Роблех Абдиллехыг илт давуу ялсан байна. Эфиопийн Эрүүл мэндийн сайд асан энэ эрхмийг цаг тархлын амаргүй үед байгууллагыг амжилттай удирдсан хэмээн үнэлдэг нь дахин сонгогдох гол хөшүүрэг болжээ. Түүний ялалтыг зрлах үеэр санал хураалтад оролцсон гишүүд алга нижигнүүлэн ташсаар байсан тул хурал даргалагч болиулахын тулд нэг бус удаа алхаа тогших хэрэг гарсан гэнэ.
Германы Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах “ДЭМБ-ын тэргүүнээр Тедрос Аданом Гебрейесус улиран сонгогдлоо. 160-аас 155 санал, гайхалтай үзүүлэлт. Баяр хүргэе, болох ёстой юм боллоо” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Т.Гебрейесусыг ингэж өндөр санал авахад цар тахалтай тэмцэх ажлыг чадварлаг зохион байгуулсан нь нөлөөлсөн гэж дээр дурдсан.
ДЭМБ Ковид19 өвчнийг цар тахал гэж зарласныхаа дараа /2020.III сар/ Женев хотноо эрдэм шинжилгээний бага хурал зарлаж, хоёр өдөр хуралдсан. Халдварт өвчний бэлэн байдлын талаарх дэлхийн судалгааны хамтын ажиллагааны байгууллага (GloPID-R)-тай хамтран зохион байгуулсан уг хурлаар энэ салбарын гол хөрөнгө оруулагчид, судалгааны төслүүд, олон улсын 3000 гаруй эрдэмтэд нэгдэж, цар тахалтай нэгдмэл байдлаар тэмцэх боломжийг бүрдүүлсэн юм.
Уг хурлаар:
- SARS Cov2 вирусийн байгалийн түүх, дамжуулалт, оношлогоо;
- Вирусийн гарал үүслийг тодорхойлох, амьтан, хүрээлэн буй орчны судалгаа;
- Эпидемиологийн судалгаа;
- Өвчний эмнэлзүйн шинж чанар, эмчилгээ;
- Халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, үүнд эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах хамгийн сайн арга;
- Эмчилгээ, вакцины судалгаа, боловсруулалт;
- Судалгааны ажлын ёс зүйн хэм хэмжээ;
- Дэгдэлтийг хумих ажилд нийгмийн шинжлэх ухааныг оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлыг хэлэлцэн, нэгдсэн зохион байгуулалтад орсон. Шаардлагатай зарим хөрөнгө оруулалтуудаа ч татаж, тодорхой хэмжээний мөнгө босгосон байдаг. Улс орон бүрт, тус, тусдаа хийгдэж буй судалгааны ажлын үр дүн, өгөгдлийг бүгд тэгш хуваалцах боломжийг бүрдүүлсэн нь энэ хурлаас гарсан хамгийн гол үр дүн байсан юм.
GloPID-R байгууллагын тэргүүн Яздан Язданпанах хурлын үер “Тэгш хүртээмжтэй байдлыг эрхэмлэх, бий болгосон мэдлэг мэдээлэл хуваалцах, хэрэгцээтэй хүмүүст, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад хүргэх боломжийг баталгаажуулах нь энэхүү ажлын үндэс суурь бөгөөд үүнийг үргэлж ёс зүйн үүднээс авч үзэх ёстой” хэмээн мэдэгдсэн байдаг. Хурлаас гарсан зарчим боломжийн хэмжээнд хэрэгжсэний хүчинд вакцинжуулалт дэлхий даяар харьцангуй жигд явж чадсан билээ.