ХӨСҮТ: “Эрдмийн чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлаа хийж, СУВИЛАХУЙН САЛБАРЫН шилдэг бүтээлүүдээ хэлэлцүүллээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс "Сувилагчдын бие даасан байдал-сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя" сэдэвт "Эрдмийн чуулган-2022"-ыг өчигдөр /2022.04.28/ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, Коронавируст халдварт өвчний үед ажиллаж байгаа сувилагч нарын ажлын ачаалалд үнэлгээ өгөх, Ковидын үеийн диализ эмчилгээтэй эмчлүүлэгчтэй ажилладаг сувилагч нарын мэдлэг үнэлэх, эмчлүүлэгчийг IPOS аргаар үнэлэх, ХӨСҮТ-ийн сувилагч нарын цахим сувилгааны түүхэнд үнэлгээ өгөх талаар сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс нийт 43 илтгэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүллээ.
"Сувилагч нарын өдрийн тохиолдуулан 16 багц арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна"
Эрдмийн чуулганыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц. Билэгтсайхан нээж үг хэллээ.
Тэрбээр " Олон улсын сувилагч нарын өдрийн хүрээнд 16 багц арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлуудын нэг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн хийж байгаа судалгаа, шинжилгээний ажлуудыг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ хуралд ач холбогдол өгч ЭМЯ-ны сувилахуйн салбар зөвлөл дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. Мөн сувилахуйн чиглэлээр гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцоод сувилахуйн тусламж үйлчилгээг хэрхэн чанартай, үр дүнтэй болгох талаар судалгаанд ажиллаж ирсэн эрдэмтэн энэхүү эрдмийн чуулганыг шүүж, илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаад ХӨСҮТ-ийн удирдлага болон хамт олны зүгээс талархаж байгаагаа илэрхийлье.
Манайхд 200 гаруй сувилагч ажилладаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахалтай улаан бүсэд тэмцэж ажилласан сувилагч нарын их хөдөлмөр, хичээл зүтгэл их байсныг онцлох нь зөв байх. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд сувилахуйн алба, сувилагч нар маш сайн идэвхтэй оролцож байна. Шилдгээр шалгарсан 8 бүтээлийг хувьд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүний нөөцийн сэтгэл ханамж, нийгэм хамгааллын асуудал хөндөгдсөн байгаа. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, диализ эрчимт эмчилгээндээ үзүүлж байгаа шинэ технологиуд ямар давуу талуудыг бий болгож байгаа дээр судалгаатай бүтээлүүдийг хэлэлцүүлж байна." гэдгийг онцлов.
ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Г.Бор " Манай сувилахуйн алба нь 280 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Манай албаны сувилагч нарын дийлэнх буюу 80 гаруй хувь нь бакалавр боловсролтой, үлдсэн нь магистр, зөвлөх, докторын зэрэгтэй.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ жилийн олон улсын сувилагчийн өдрийг "Сувилагчдын бие даасан байдал-сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя" гэсэн уриан дор тэмдэглэж байна." гэв.