ЗӨВЛӨЕ: ХОЛЕСТЕРИН бууруулах үйлчилгээтэй хоол хүнс
Улсын гуравдугаар төв эмнэлгээс Холестрол гэж юу вэ, хэвийн хэмжээ хэд байдаг, Цусан дахь холестролын хэмжээг хэвийн байлгахын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Холестрол гэж юу вэ?
Холестрол нь өөх тосыг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестрол нь хэрэгтэй байдаг боловч цусан дахь өөх тосны хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг.
Холестрол хаанаас үүсдэг вэ?
Цусаар эргэлдэх холестролын тодорхой хэсгийг хоол хүнснээс авдаг ч хүний бие махбодь нь өөрт шаардлагатай холестролыг нийлэгжүүлж байдаг онцлогтой.
Цусан дахь холестролын хэмжээ ихсэхийн хор уршиг юу вэ?
Цусан дахь холестролын хэмжээ ихсэх нь судас хатуурлын гол шалтгаан болдог. Ингэснээр судасны бөглөрөл үүсэж эд эрхтэнд очих цусан хангамжийн дутагдал үүснэ. Цусан дахь холестролын хэмжээ ихсэхэд ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй бөгөөд зөвхөн лабораторийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой.
Ямар шалтгаанаар цусан дахь холестролын хэмжээ ихэсдэг вэ?
Ханасан өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь үндсэн шалтгаан болдог. Тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх тосонд ханасан өөх тос ихээр агуулагддаг.
Ханасан өөх тосны оронд ханаагүй өөх тосыг агуулсан хүнсийг хэрэглэвэл цусан дахь холестролыг бууруулж чадна. Ханаагүй өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнд оливын тос, ургамлын тос, загас, самар зэргийг нэрлэж болно. Түүнчлэн холестролын хэмжээ ихсэхэд удамшлын хүчин зүйл нөлөөтэй байдаг. Эдгээр хүмүүст хоолны хэв маягаас үл хамааран холестролын хэмжээ өндөр байдаг.
Хэрэв та ханасан өөх тос багатай эрүүл хоол хүнсийг хэрэглэж заншвал цусан дахь холестролыг хэвийн хэмжээнд барьж чадна.
Зарим хүмүүст холестрол бууруулах эмийг зайлшгүй хэрэглэх шаардлага гардаг.
Цусан дахь холестролын хэмжээг хэвийн байлгахын тулд яах ёстой вэ?
- Өөхтэй махны хэт их хэрэглээг хязгаарлах
- Тахианы махны гадар арьс хальсыг цэвэрлэж хэрэглэх
- Тослог багатай цагаан идээ тухайлбал тараг, аарц, ааруул хэрэглэх
- Ургамлын тос оливын тос хэрэглэх
- Нарийн боов, жигнэмэг,бялуу, чихэр, хиам, зайдас,хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах
- Шарсан хайрсан хоол хэрэглэхээс татгалзах
- Жимс жимсгэнэ, самар, хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүн өргөн хэрэглэх
Яагаад холестролын хэмжээг үзүүлэх шаардлагатай вэ?
Насанд хүрэгсэд өөрсдийн холестролын хэмжээг зүйлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн хувьд удамшилдаа зүрхний өвчинтэй хүн байгаагүй бол холестролын хэмжээг заавал тодорхойлох шаардлагагүй.
Холестролыг хэрхэн үнэлдэг вэ?
Венийн цусанд холестролын хэмжээг тодорхойлдог. Та шинжилгээ хийлгэхдээ өлөн байх шаардлагатай. Ингэснээр шинжилгээний үр дүн бодитой гарна.
Холестролыг хэзээ тодорхойлох вэ?
- Хэрэв таны шинжилгээнд холестрол их тодорхойлогдсон бол 6 сар тутамд хянуулж байгаарай.
- Таны шинжилгээнд холестрол хэвийн тодорхойлогдсон бол 2 жилд 1 удаа үзүүлж байгаарай.
Холестролын хэвийн хэмжээ хэд байдаг вэ?
- Хэвийн: <5,2 мкмоль/л
- Бага зэрэг их: 5,2-6,76 мкмоль/л
- Их хэмжээгээр ихсэх: >6.76 мкмоль/л