УНТЭ: ЭХЭМҮТ-тэй “Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг“ нутагшуулахад хамтран ажиллана
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний үндэсний төв /ЭХЭМҮТ/- ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа нар “хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах” зорилгоор энэ сарын 15-ны өдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд УНТЭ, ЭХЭМҮТ хамтран цөсний замын төрөлхийн битүүрэл болон бусад эмгэгийн улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдийг сонгох, мэс засалд бэлтгэх, элэг шилжүүлэн суулгах, мэс заслын дараах эмчилгээ, хяналтыг хамтран гүйцэтгэж мэс заслын үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Энэ үеэр Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлснээр мэс засалч, элэгний, дүрс оношилгооны, лабораторийн, эмгэг судлаач, мэдээгүйжүүлгийн эмч нараас гадна хагалгааны, мэдээгүйжүүлгийн, эрчимт эмчилгээний сувилагч нарын чадамж, ур чадвар дээшилсэн. Мөн манай эмч нар элэг тайрах мэс ажилбарыг бага хөнөөлт аргачлалаар хэрэгжүүлэх технологийг (CUSA, ERBE) нэвтрүүлсэн, микроскоп ашиглаж нарийн голчтой судсыг бичил мэс заслын аргаар залгасан. Тайрагдсан элэгний судсыг сэргээх ширээн дээрх мэс заслыг нэвтрүүлсэн. Гадаад оронд эмчлүүлэх зорилгоор урсан гарах 44 тэрбум 125 сая төгрөгийг өөрийн орондоо үлдээж чадсан.” гэдгийг онцлов.
Үргэлжлүүлэн УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй "Элэг шилжүүлэн суулгах мэс засал"-ын хөгжлийн үе шатыг танилцуулж, талуудад мэдээлэл өглөө.
Тэрбээр “ “АСАН” сан, S,G,Lee профессорын хувийн санхүүжилтээр жил бүр Элэг шилжүүлэн суулгах багийн 10-22 гишүүн “АСАН” төвд 1-3 сарын хугацаагаар суралцаж эхэлсэн. БНСУ-ын АСАН багтай хамтран Монгол улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн. Мөн УНТЭ-т Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг үүсгэн байгуулсан.
УНТЭ-ийн баг бие даан Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний 118 тохиолдолд, нийт 12 тохиолдолд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Хүүхдэд амьд донороос 5 тохиолдолд бие дааж хийсэн. Мөн Бүлэг тохироогүй донороос 3 тохиолдолд Элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Цөсний замын төрөлхийн битүүрэлтэй 1 нас 3 сартайгаас 4 хүртэлх насны 3 хүүхдэд элэгний зүүн дэлбэнг, 13-15 насны 2 хүүхдэд элэгний баруун дэлбэнг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн. “ гэдгийг онцлов.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмч, Клиникийн профессор Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор П.Жамъян "2022 оны байдлаар элэгний цирроз өвчнөөр хяналтад нийт 72 хүүхэд, элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 9 ( Монгол улсад -6, БНСУ-д 3) хүүхэд, хүлээх жагсаалтанд 12 хүүхэд, хяналтанд байгаа хүүхдүүдийн 90 хувь нь ЦСТБ, 10 хувь нь бусад шалтгаантай элэгний циррозтой хүүхдүүд байна.
Манайд бодисын солилцооны шалтгаант элэгний эмгэгийг оношилж чадахгүй байгаа ба үүнээс улбаалсан элэгний архаг дутагдал хэдэн хувьтай тохиолдож байгаа нь тодорхой бус байна. Тиймээс та бүхний хамтын ажиллагаа чухал байна" гэв.