Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ өөрийн хөрөнгө оруулалтаар Эм зүйн албандаа иж бүрэн засвар хийж, эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахыг ашиглалтад орууллаа
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс Эм зүйн албандаа иж бүрэн засвар хийж, мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгч, үйл ажиллагаа жигдрүүлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаны хүмүүс, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тодруулбал, Эм зүйн албаны нийт 25 өрөөнд иж бүрэн засвар хийж, шат, коридортой нийлээд нийт 460.1м2 талбайд их засварын ажил хийгдсэн байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ Өнөөдөр бид Эм зүйн албанд иж бүрэн засвар хийгдэж, шинэчилсэн шинэ ажлын байрандаа үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон байна. ХӨСҮТ нь Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд өөрсдийн хөрөнгө оруулалтаар 27 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн. Тус ажлын нэг нь эмнэлэг өөрийн хөрөнгө оруулалтаар Эм зүйн тасагт иж бүрэн засварыг хийсэн. Энэ ажилд гар биеэр оролцсон удирдлагууд болон Эм зүйн албаны хамт олонд талархал илэрхийлье. Ажлын байр тохитой, тухтай байна гэдэг нь ажлын чанар, бүтээмжид эерэгээр нөлөөлдөг хүчин зүйл" гэдгийг онцлов.
ХӨСҮТ-ийн Эм зүй албаны дарга Б.Уянга “ Манай Эм зүйн алба 1985 онд халдвартын Клиник ашиглалтад орсноос хойш бүрэн их засварын ажил хийгдээгүй. Урсгал засварууд хийгдээд явж байсан. Харин энэ удаа иж бүрэн их засвар хийснээр олон улсын стандартын дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахыг ашиглалтад оруулсан. Нэг ч өрөө үлдээгүй бүтэн засвар хийгдсэн. Манай тасаг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарыг эм, эмнэлгийн хэрэгслээр ханган ажилладаг тул эмнэлгийн бүх тасаг, нэгжүүдтэй хамтран ажилладаг гэсэн үг.
Бид эмийн чанар, аюулгүй байдал, эмийн гаж нөлөөний бүртгэл, эмийн зохисгүй хэрэглээний судалгааг тогтмол хийж, эмчлүүлэгчдийн эмчилгээний чанар аюулгүй байдалд анхааран ажиллаж байна. ” гэв.