САЙН МЭДЭЭ: Нэгдүгээр эмнэлэг “Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ“-г нэвтрүүлж, эхний өвчтөнөө хүлээн авахад бэлэн болжээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд УНТЭ-ийн өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын ажлуудтай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал амбулаторийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа болон Чих хамар хоолой болон Мэдрэлийн мэс засал зэрэг тасгуудад суурилуулагдсан шинэ тоног төхөөрөмжүүдийг танилцуулав.
"Манай улсад анх удаа "Нарийн гэдэсний дуран" суурилагдаж, оношилгоо эмчилгээний нэр төрөл нэгээр нэмэгдсэн"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "УНТЭ-т ажлын гүйцэтгэл маш сайн байна. 2021 оны улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 240 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнээс 110 тэрбум төгрөгийг эмнэлгийн тоног төхөөрөмж, ялангуяа орон нутаг болон нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн чадвахийг нэмэгдүүлэх ажилд зориулагдсан. Энэ төсвөөс УНТЭ-т 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар бүх тоног төхөөрөмж ирж, суурилагдсан байна. Ялангуяа эмнэл зүй дээр ашиглагдаж эхэлсэн. Онцлоод хэлбэл, УНТЭ-т насанд хүрэгчдийн цусны хорт хавдрыг эмчлэх үндэсний хэмжээнд ганц төв байдаг бөгөөд Монгол Улсад эмчлэгддэггүй 26 оношийн нэг болох "Алло" буюу донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилсан байна. Энэ дөрөвдүгээр сард эхний өвчтөн эмчилгээнд ороход бэлэн болсон сайхан мэдээтэй угтлаа. Мөн тус эмчилгээний хими эмчилгээний тасгийг олон улсын жишигт нийцсэн байдлаар чанарын өндөр түвшинд тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэсэн байна. Мөн манай улсад анх удаа "Нарийн гэдэсний дуран" суурилагдаж, оношилгоо эмчилгээний нэр төрөл нэмэгдсэн." гэдгийг онцлов.
"Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах" иж бүрэн тасаг нэгжийг байгууллаа
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "2021, 2022 онд УНТЭ-т ЭМЯ-наас хийгдсэн хөрөнгө оруулалтаар олон тасгуудад шинэ багаж хэрэгслээр тоноглогдож, шинэ технологиудыг нэвтрүүлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд бэлэн болсон . Өнөөдөр энэхүү ажилтай ЭМЯ-ны удирдлагууд биечлэн танилцаж, үнэлэлт дүгнэлтээ өглөө. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа "Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах" иж бүрэн тасаг нэгжийг байгуулсан. Тун удахгүй эхний өвчтөнөө хүлээн авч эмчилгээг эхлүүлэхэд бэлэн болсон.
Хоёрдугаарт, Монгол Улсад анх удаа "нарийн гэдэсний дуран"-г нэвтрүүлж аль хэдийн иргэдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг нутагшуулаад байна. Нарийн гэдэс нь 5 метр урттай оношилгоо хийхэд хүндрэлтэй байсан бол тус дурангийн тусламжтайгаар өнөөдөр энэ төрлийн оношилгооо, эмчилгээний асуудал бүрэн шийгдэгдсэн.
Гуравдугаарт, Siemens брэндийн 128 зүслэгтэй Somatom go.No загварын компьютер томографи Монгол улсад анх удаа суурилагдсан. Энэхүү СТ нь хүний биеийн морфологийн болон физиологийн нарийн мэдээллийг илүү нарийвчлалтай авах боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай.
Түүнэлчэн Мэдээгүйжүлгийн мэс заслын нэгдсэн тасаг, Мэдрэл болон Чих хамар хоолойн тасгуудад ХБНГУ-ын Brainlab брендийн толгойн Neuro and ENT navigation system, Мэдрэлийн мэс заслын салбарт анх удаа нурууны дурангийн мэс заслын иж бүрэн цамхаг хэрэглээнд нэвтэрсэн гэх мэт маш олон төрлийн мэс заслын дурангууд шинэчлэгдэж, эхнээсээ тусламж, үйлчилгээнд өдөр бүр хэрэглэгдээд эхэлсэн байгаа. " гэдгийг онцлов.