УХТЭ: Дэлхийн эмч нарын өдрөөр “Багш шавийн уулзалт“ боллоо
Дэлхийн эмч нарын өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулиас зохион байгуулсан “БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ” Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр боллоо.
Тус уулзалт нь АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан захирал, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва нээж үг хэлснээр эхэлж, МУ-ын Ардын багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадам нь АШУҮИС-ийн профессор багш нарын анагаах ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, ШУ-ны нээлт, ололт амжилт, бүтээл туурвилыг танилцуулж, үе үеийн ёс суртахуунтай, эрдэм мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч бэлтгэсэн агуу сурган хүмүүжүүлэгч байсан зэрэг хөдөлмөр алдрыг магтан дурссан хүндэтгэлийн лекцийг танилцуулж, мөн АШУҮИС-ийн 80-н жилийн түүхэн баримтат кино үзсэнээр уулзалтад оролцсон эмч, эмч зүйч, сувилагч нар ахмад багш, профессоруудынхаа үргэлжлэл нь болж, анагаах ухааны салбарын цаашдын хөгжлийн түүчээлэгч байх хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь улам бадарсан сайхан уулзалт боллоо.
Мөн уулзалтад ирсэн МУ-ын гавьяат эмч, АУ-ны доктор, профессор, УХТЭ-ын дарга асан А.Бадамжав багш сэтгэгдэл хэлж, тус эмнэлэгт даргаар ажиллаж байсан үеийн сайхан дурсамжийг хуваалцсан бол МУ-ын гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ө.Цолмон багш төгсөгчдөдөө урмын үг хайрласан халуун дотно уулзалтаар төгсөгчид нь оюутан цагаа дурссан, багш нараа хараад сэтгэл хөдөлсөн, халуун алга ташилт дүүрэн байлаа.
Уулзалтад ирсэн хүндэт багш нар болон АШУҮИС-ийн Эмнэлгийн хөгжлийн газрын дарга, АУ-ны доктор Х.Амартүвшин, тус эмнэлгийн удирдлагууд Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” тэмдгээр Радиологийн тасгийн эмч Д.Энхжаргал, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Радиологийн тасгийн эмч Э.Хонгорзул, Д.Эрдэнэсүрэн нар, АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” медалиар Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа, Мэс заслын II тасгийн эмч Д.Чулуунбаатар нарын шагналыг гардуулав.
Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг
|