Ц.Гэрэлчимэг: Сүрьеэгээс сэргийлэх, эрт илрүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, анхаарал хандуулах шаардлагатай
Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг "Глобаль сан 2003 оноос эхлээд Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 8 дахь удаагийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд үндэсний хэмжээнд сүрьеэ гийн тусламж, үйлчилгээг анхан шатнаас бүх эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэн ажиллаж байна. Одоогийн төсөл нь 2021-2023 онуудад хэрэгжих юм. Энэ хүрээнд 7 салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан зорилтот бүлгүүдэд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Жишээ нь, Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх, сүрьеэгийн эрт ирүүлгийг үзлэг зохион байгуулах, хавьтуулдаг үзлэг, шинжилгээнд хамруулах, өрхийн эмчийн хяналтад шууд хяналттай эмчилгээг үзүүлэн ажиллаж байна. Сүрьеэгийн сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос сумын өрхийн эмнэлгүүдтэй хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс алслагдсан, тоног төхөөрөмж элбэг байдаггүй сумуудад энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, сорьц тээвэрлэлтийг хийж байна.
ШШГЕГ-н харьяа 429-р хорих ангиас улсын хэмжээний 24 хорих ангид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг хийж, сүрьеэ илэрсэн хоригдлуудыг тусгарлах, цаашлаад эмчилгээг хийлгэх ажлыг хийж байна.
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс 340 сайн дурын идэвхтнүүдийг сургаж, бэлтгэсэн. Сайн дурын идэвхтэнгүүд эмзэг бүлгийн сүрьеэтэй өвчтөнүүдэд гэрээр нь эм зөөж, харж хяналттай эм уулгаж байна. Мөн Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас эмзэг бүлгийн сүрьеэтэй өвчтөнүүдэд явуул баг ажиллуулж, гэрээр өдөр болгон шууд хяналттай эм уулгах, ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн эрт ирүүлэг үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.
Төслийн хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргаж байгаа боловч цаашид сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд шийдвэр гаргах түвшиний хүмүүс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах цаг нь болсон." гэв.
Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.