Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН зохион байгууллаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн бодлого, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системтэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратегийн худалдан авалт, зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор байгууллагынхаа хэмжээнд 2022 оныг “ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ- БОДИТ БҮТЭЭМЖИЙН ЖИЛ” болгон зарласан билээ.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг өчигдөр /2022.03.15/ амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус эмнэлгийн төв, тасаг, нэгж, албадын дарга, эрхлэгч, ахлах сувилагч зэрэг удирдах түвшний нийт 95 хариуцлагатай албан тушаалтан оролцож, нэгдсэн нэг зорилго, тэмүүлэлтэйгээр хамтран ажиллахаар сэтгэл нэгдлээ.
"Эмнэлгийн нийт ажилчиддаа 5.6 тэрбум төгрөгийг нэмэгдэл цалин, урамшуулал олгосон"
Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир "Сүүлийн 3 жилд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого эрчимтэй явагдаж байна. Санхүүжилтийн шинэчлэл нэлээд хийгдэж, гүйцэтгэлээр санхүүжих, нэг худалдан авагчийн тогтолцоо, стратегийн худалдан авалт, даатгалын санхүүжилтийн систем бүрэн шинэчлэгдсэн.
Жил болгон салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогыг нэгдсэн хурлуудаар танилцуулдаг байсан бол энэ удаа шинэлэг байдлаар эмнэлгийн бүх шатны хариуцлагатай албан тушаалтнуудыг оролцуулсан зөвлөгөөн хэлбэрээр зохион байгуулж, эмнэлгийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН тайлангийн дүн, зөвлөмж болон Байгууллагын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, ололт амжилт, хойшид сайжруулах үйл ажиллагааныхаа талаар санаа бодлоо солилцож, хэлэлцүүлэг хийлээ.
Ингэснээр удирдах түвшиний хариуцлагатай ажилтнууд нэгдсэн ойлголттой байж, эрүүл мэндийн даатгаалын гүйцэтгэлийг чанартай гүйцэтгэж, цаашид ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, урамшууллаа нэмэгдүүлэх, орчин нөхцлөө сайжруулах, технологийн дэвшлээр хангаж ажиллах өндөр ач холбогдолтой юм” гэдгийг онцлов.
УГТЭ нь коронавирус цар тахлын хүнд хэцүү үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж, эмнэлгийн нийт ажилчиддаа 5.6 тэрбум төгрөгийг нэмэгдэл цалин урамшуулал олгосон байна. Мөн Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу 1.1 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгожээ.
Түүнчлэн 2021 оны байгууллагын үйл ажиллагааны нэгдсэн дүн тайлан мэдээгээр эрүүл мэндийн салбартаа тэргүүлэн ажилласан гэдгээ зөвлөгөөний үеэр онцлов.
Тус эмнэлэг нь “шилэн эмнэлэг” гэсэн зарчим баримталж ажиллаж байгаа учраас үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд илт тод байж, 2021 онд Аудит төлөвлөгөөт шалгалтаар санхүүгийн бүртгэл мэдээлэл, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Тус зөвлөгөөнөөр 2022 оны Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулагдсан Эрүүл мэндийн салбарт 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд дэвшүүлсэн зорилт, салбарын бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлийн үнэлгээний дүн, зөвлөмж зэрэг зайлшгүй ач холбогдол бүхий чухал мэдээллүүдийг эмнэлгийн удирдах түвшний нийт албан тушаалтнуудад таниулж сурталчлах, салбарын бодлого шийдвэртэй уялдуулан байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт, бүтээмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад албан тушаалтан нэг бүрийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.