ХӨСҮТ: “Сүрьеэгийн чиглэлээр олон талт хамтын ажиллагааны баг ажиллуулах” уулзалт зохион байгууллаа
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба нь Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд “Нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний байгууллагуудыг оролцуулан сүрьеэгийн чиглэлээр олон талт хамтын ажиллагааны баг ажиллуулах” уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн эмэнд тэсвэртэй сүрьеэ хариуцсан эмч нар, өвчлөл өндөр хороодын нийгмийн халамжийн мэргэжилтнүүд нийт 24 оролцогч оролцсон юм.
Уулзалтын үеэр СТСА-ны ҮХТ-ийн эрхлэгч П.Насанжаргал “Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ЭТС-тэй өвчтөнүүдийн нийгмийн халамжид хамрагдсан байдал” сэдвээр илтгэл тавьсан.
Дүүргүүдэд ЭТС-н эмчилгээний хяналтад байгаа өвчтөнүүдээс амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй иргэдийн мэдээллийг тухайн хороодын халамжийн мэргэжилтнүүдэд танилцуулж, улсаас үзүүлж буй халамжийн үйлчилгээ тухайлбал хүнсний эрхийн бичиг болон бусад дэмжлэгт хамруулах талаар санал солилцлоо.