Э.Идэр: Хүнд ирсэн хүүхдүүдийг буцаах аргагүй байсан учраас зориулалтын бус том зааланд ор дэлгэж эмчилгээ эхлүүлсэн
Цахим орчинд БГД-ийн Хүүхдийн эмнэлэг хүүхдүүдийг хүнд орчинд хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэсэн мэдээлэл гарсан.
Үүнтэй холбоотойгоор БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга Э.Идэрээс тухайн нөхцөл байдлын талаар тодруулахад: “Сүүлийн хэдэн өдөр хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэн. Яг одоо томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж хүүхдүүд амьсгалын дээд замын шуугисан, халуурсан шинжтэйгээр ирж байна.
Дээрх асуудлын тухайд манай Хүүхдийн эмнэлгийн ор дүүрсэн. Иймээс Сэргээн засахын чиглэлээр засвар хийхээр бэлтгэгдэж байсан өрөөнд зайлшгүй шаардлагаар ор дэлгэх шаардлагатай болсон тул хоёр долоо хоногийн өмнөөс 8 ор дэлгэж маш хүнд ирсэн хүүхдүүдийг хүлээн авч хэвтүүлсэн юм.
Тэдгээр хүүхдүүдэд эмчилгээ яаралтай хийх шаардлагатай байсан учраас эцэг эхтэй нь зөвлөлдөөд буцаалгүйгээр дээрх арга хэмжээг авсан. Эцэг эхчүүд ч эмнэлэг бараадаж хүүхдүүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна гэж хэлсэн.
Яг одоо бид Ахмадын эмнэлгийнхээ 2 давхартаа нэмж ор дэлгэн тухайн зааланд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс гадна шинээр ирж байгаа хүүхдүүдийг хүлээн авахаар ажиллаж байна.
Эмнэлгийн ачаалал маш их байна. Иймд эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдүүдээ аль болох авч явахгүй байх мөн хүүхдүүдэд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтэй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байна уу” гэсэн юм.