П.Ганчимэг: Иргэд оношилгоо, шинжилгээнийхээ хариуг ЦАХИМААР авах боломжтой болсон
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын эмнэлгүүд дотроосоо цахим шилжилтэнд түрүүлж алхсаар ирсэн билээ. Эрүүл мэндийн яамнаас баримталж буй Эрүүл мэндийн цахим шлжилтийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэгтэй ярилцлаа.
-Танай эмнэлгээс эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж хэвшүүлсэн. Мөн шинээр ямар шинэчлэлтүүдийг хийж байгаа вэ?
УНТЭ 2006 оноос эхлээд үйлчлүүлэгчдийн мэдээллийг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд 2011 оноос лабораторийн шинжилгээний хариуг цахимаар илгээдэг болсон. Улмаар 2017 оноос хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний түүхийг цахим хэлбэр рүү шилжүүлэн, 2019 онд эрүүл мэндийн даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эмийн жорыг цахим хэлбэр рүү бүрэн шилжүүлсэн.
2022 онд бид бүхэн цахим үйлчилгээгээ нутагшуулах болон цар хүрээг нь тэлэх, илүү үйлчлүүлэгч рүү чиглэсэн төлөвлөлт ажлуудыг шат дараатай хийж ажиллаж байна. Иргэд E-Mongolia аппликэшнаар дамжуулан эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээг авах боломжтой болсон. Эдгээрээс эмнэлгээр үйлчлүүлэгчдэд зориулсан гурван үйлчилгээ байна.
Тухайлбал, бүх шатны эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг авах, захиалах, шинжилгээний хариу авах болон эмнэлгийн магадалгаа буюу листийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа юм.
Энэ хүрээнд манай эмнэлэг дээрх гурван үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.
Эмнэлгээр үйлчлүүлэгчид E-Mongolia аппликэшн рүү өөрийн утасны дугаар эсвэл цахим банкны нэвтрэх эрхээр хандаж ЭРҮҮЛ МЭНД гэсэн ЦЭСНЭЭС дээрх гурван үйлчилгээг авах юм.
Мөн манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн өвчний түүх бүх хэсэгт цахим хэлбэрээр бүртгэгдэж байгаа тул үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн карт цахим хэлбэрт шилжсэн гэж ойлгож болно.
Одоо эдгээр мэдээллүүдийг бусад эрүүл мэндийн байгууллагад цахим хэлбэрээр дамжуулах боломж бүрдчихвэл иргэд маань цаасан карт хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг юм.
-Шинжилгээний хариуг цахимаар хэрхэн авах вэ?
-Манай эмнэлгийн хувьд бид 2011 онд лабораторийн шинжилгээний хариуг цахим хэлбэрт анх шилжүүлсэн. Үүнээс хойш эмнэлэг дотороо эмч нар маань шинжилгээний хариугаа цахимаар харж ашигладаг байсан бол 2019 оноос эхлэн эмнэлгээр үйлчлүүлэгчид өөрийн шинжилгээний хариугаа УНТЭ-ийн 1 давхарт байрлах хариу хэвлэх КИОСК машинаас, 2022 оны 1 сараас эхлэн E-Mongolia –аас хэвлэн авах боломжтой болсон.
Ингэхдээ УНТЭ-ээр үйлчлүүлэгчид 2011 оноос хойших шинжилгээний хариугаа цахимаар авах боломжтой болсон байгаа.
Бид 2019 онд анх шинжилгээний хариу хэвлэх киоск машиныг нэвтрүүлэхдээ эмнэлгээр үйлчлүүлэгч өөрт хамгийн ойр байрлах машинаас УНТЭ-т өгсөн шинжилгээний хариугаа хэвлэн авах боломжийг судалж байсан. Тухайн үед Гэрэгэ киоск нь 21 аймагт байршиж төрийн үйлчилгээ үзүүлж байсан учир бид хөдөө орон нутгийн иргэд шинжилгээний хариу авахын тулд заавал эмнэлэгт биеэрээ ирэхгүйгээр өөрт хамгийн ойр байрлах киоск машинаас хэвлэн авах боломжтой байдлаар нэвтрүүлсэн.
Хөдөө орон нутгаас үйлчлүүлж буй иргэд эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт заавал хэрэгтэй юу гэж их асуудаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс заавал 13А маягт авч ирж үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтоолд эмнэлэг хооронд өвчтөн илгээхэд заавал хуудас шаардагдана гээд заасан байгаа учраас тэр бичгийг заавал шаардаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, орон нутгаас ирж байгаа үйлчлүүлэгчид заавал орон нутгийн эмнэлгээсээ 13А маягтаа цаасан болон цахимаар бичүүлж авах шаардлагатай.
Харъяа эрүүл мэндийн байгууллагаасаа 13А маягтаа аваад 1800-0119 дугаараар эсвэл E-Mongolia ашиглан амбулаторийн үзлэгийн цагаа захиалаад ирвэл эмнэлэгт ирээд цаг авах гэж оочерлохгүйгээр үйлчилгээгээ авах боломжтой гэдгийг хэлмээр байна.
Утсаар болон цахимаар цаг захиалахад иргэдийн зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?
Амбулаторийн үзлэгийн цагийн хүлээгдлийг 7 хоногтоо барих төлөвлөгөөтэй ажилладаг бөгөөд ихэнх кабинетууд 2-3 хоногийн хүлээгдэлтэй байгаа. Харин улсын хэмжээн зөвхөн манай эмнэлэг дээр байдаг кабинетуудын үзлэгийн цаг ачааллаасаа шалтгаалаад их байдаг. Жишээ нь хэрх үе сэргээх төвийн эмчийн үзлэгийн цаг нь 14 хоногийн хүлээгдэлтэй байгаа.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалга цахимд шилжсэнтэй холбоотой манай ачаалал ихсэж байгаа учраас тухайн өдрөө цаг дүүрсэн бол дараачийн өдрийн цагийг бичих зэргээр цаг олгож явдаг. Энэ бол зөвхөн эмчид үзүүлэх цаг авч байгаа гэсэн үг. Харин амбулаториор эмчдээ үзүүлсэн тохиолдолд дараагийн оношилгоо шинжилгээний цагийг эмч нь бичээд өгдөг гэдгийг үйлчлүүлэгчид анхаарах хэрэгтэй.
Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг хэдий ч иргэдийн зүгээс цаг авчхаад ирдэггүй эсвэл цагаа цуцалдаггүй зэрэг хүндрэл их учруулдаг.
Иргэн цаг авчхаад тухайн цагтаа ирээгүй тохиолдолд эмнэлгийн зүгээс тухай хүнийг 1 цаг хүлээгээд дараагийн хүнийг үздэг. Тэгэхээр иргэд үзлэгийн цаг авчхаад тухайн товлосон үзлэгийн цагтаа ирэх боломжгүй болсон бол авсан, захиалсан цагаа цуцалдаг соёлд суралцах хэрэгтэй байна.
Баярлалаа.