Д.ОЮУНГЭРЭЛ: Эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн 55 хувь нь УУШГИНЫ ХАТГААТАЙ
Манай улсад томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
- Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний орчилд орчсон хичнээн төрлийн ямар вирусууд байна вэ?
-Энэ оны зургадугаар долоо хоногийн байдлаар улирлын томуугийн H3N2 вирус, томуу төст амьсгалын замын синцитиаль, адено, рино, бока зэрэг таван төрлийн вирус зонхилон хүн амын дунд орчилд байна. Улсын хэмжээнд амбулаториор 196,000 орчим хүн үйлчлүүлж байгаагаас 8 хувь нь томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандан үйлчлүүлж байгаа иргэд байна.
Нийт өвчлөгчдийн 56 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд, энэ дотроо ес хүртэлх насны хүүхдүүдийн дундах өвчлөл долоо, долоо хоногоор нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ес хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 4,3 хувиар өссөн.
- Энэ удаад орчилд орж байгаа томуу, томуу төст өвчний вирусээр өвдсөн иргэдэд ямар шинж тэмдэг яаж илэрч байна вэ? Хүндрэл хэр зэрэг байгаа вэ?
- Хүндрэлийн хувьд бага насны хүүхдүүдэд уушгины хатгаагаар хүндэрч байна. Улсын хэмжээнд 8,000 гаруй иргэн ямарваа нэг шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 орчим хувь нь уушгины хатгаа, амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмчлүүлж байна. Хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 40 гаруй хувь нь 15-аас доош насны хүүхдүүд байгаа нь анхаарал татаж байгаа гол асуудал болж байна.
Томуу, томуу төст өвчний голлох эмнэлзүйн шинж тэмдэг нь КОВИД-19-тэй төстэй бөгөөд халуурах, хоолой өвдөх, гээд амьсгалын дээд замын шинж тэмдгүүд илэрч байна.
Орчилд байгаа вирусийн талаар ярихад амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ийн хувьд хоёр хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл уушгины хатгаа болж хүндрэх үндсэн шалтгаан болдог.
- 2020 онд цар тахлын хөл хориотой холбоотойгоор томуугийн вирус орчилд ороогүй. 2019 оны мөн үетэй харьцуулахад өнөөгийн томуу томуу төст өвчины тархалт ямар байна вэ?
- Ер нь бол КОВИД-19 цартахал дэлхий нийтэд тархсан үеэс буюу 2020, 2021 онд Монгол улсад өвчлөл өнөөдрийнх шиг ийм өргөн хүрээтэй тархаагүй. 2019-2020 онд томуугийн H3N2, В, томуу төст RSV вирусууд тархаж байсан. Энэ үед оргил үедээ 10,000 хүн амд 103 тохиолдол бүртгэгдэж байсан. Томуугийн улирал 22 долоо хоног үргэлжилсэн. 2020 оны 10 сараас томуугийн улирал эхэлж, тархалт аажмаар нэмэгдэж байсан боловч 2020 оны 11 сарын эхээр КОВИД-19-ийн дотоодын халдвар бүртгэгдэж хөл хорио тогтоогдоход томуугийн вирус эргэлтэд ороогүй хэдий ч хөнгөн хэлбэрийн өвчлөл бага хэмжээгээр бүртгэгдэж байсан. 2021 оны томуугийн улиралд 2019-2020 оны өвчлөлтэй харьцуулахад насны бүлгийн хувьд өөрчлөлтөд орж насанд хүрэгчдийн хувьд нэлээн өндөр бага насны хүүхдүүдийн өвчлөл нэлээн бага бүртгэгдэж байсан. Өмнөх жилүүдэд хүүхдийн өвчлөл 80 гаруй хувийг эзэлдэг байсан.
- Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор тархалт өсөх төлөв ажиглагдаж байна уу?
- Бид энэ асуудал дээр тооцоолол хийж үзсэн. Өвчлөлийн хувьд томуу томуу төст өвчин 46 хувь , эмнэлэгт хэвтэлт 90 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн таамаглал гарсан. Учир нь 2020-2021 онд томуу, томуу төст өвчний тархалт бага байсан тул бага насны хүүхдүүд ялангуяа дархлаагүй султай байгаа. Судалгааны үр дүнд үндэслэн дүүрэг, орон нутгийн багш, эмч нарыг хамруулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сургалтаар томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх бэ, халдвар хамгааллын дэглэм буюу гараа угаах, зай барих, амны хаалтаа зүүх гэсэн дэглэмүүдээ сайн баримтлуулахыг зөвлөж байна. Дээр нь нэмээд эцэг эхчүүдэд мэдээлэл сургалт зөвлөгөө бас хүргэх хэрэгтэйг анхааруулж зөвлөмж мэдээллүүдийг хүргэж ажиллаж байна.
Эцэг, эхчүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдээ асран хамгаалах хүн байхгүйгээс болоод сургууль, цэцэрлэгт нь явуулдаг, дээрээс нь хүүхдүүд КОВИД-19-ийн халдвар авах тохиолдол их байна л даа.
Тэгэхээр томуугийн вирусийн шинж тэмдэг илэрсэн үед сайн асарч хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна.
-Улсын хэмжээнд хамгийн өндөр тархалттай аймаг, орон нутгуудад аль аль аймаг орж байна вэ?
-Тархалт өндөр байгаа зургаан аймаг байна. Говь-алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Хэнтий , Дорноговь аймгууд улаан түвшинд орчихсон байгаа бол алаг цог дэгдэлтийн үед 8 аймаг байна. Үүнд Баян-Өлгий, Булган, Дархан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгууд байна. Бусад аймгуудын хувьд шар түвшинд байгаа ногоон түвшинд байгаа аймаг байхгүй байна.
-Томуу болон томуу төст гээд 2 төрлийн өвчлөл байгааг хүмүүс тэр бүр сайн ойлголтгүй байдаг. Та ялгааг нь тодруулж хэлж өгнө үү?
-Томуу, томуу төст өвчин гэсэн нэг нэр доор оруулаад явж байгаа боловч үүсгэж вирусийн хувьд ялгаатай.
Ер нь эмнэлзүйн эхний шинж тэмдэг ханиалгах, халуурах, ядарч сульдах, гээд ижилхэн байдаг болохоор томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг.
Яаг вирусийн өөрийнх нь онцлогоос хамаараад яаг аль эрхтэнг гэмтээж байна, ямар хүндрэл үүсгэж байна гэдгээрээ ялгаатай байдаг. Томуугийн хувьд A,B, C гэсэн 3 хэв шинжтэй A,B нь улирлын шинж чанартай хүн амын дунд орчилд орж дархлаа султай 5 хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй, 65-дээш насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Томуу төст өвчний хувьд маш их нусгайрах, жихүүцэх, ядрах сульдах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрдэг хэдий ч, бага насны хүүхдүүдэд уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байдаг. Томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчин томуу төстэй харьцуулахад илүү хүнд, хурц хэлбэрээр явдаг.
-Томуу, томуу төст өвчний үед иргэд дур мэдэн эм тариа хэрэглэх хандлага их байдаг. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?
-Томуу, томуу төст өвчний 90-95 хувь нь вирүсээр үүсгэгддэг. Иргэд ихэвчлэн дур мэдэн антибиотик хэрэглэх нь элбэг байдаг бөгөөд энэ нь хүүхдэд эргээд маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс аль болох эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь антибиотикт тэсвэртэй болох өндөр эрсдэлтэй.
-Томуугийн хүндрэлээс болоод эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хэдэн өвчтөн байна вэ өвчтөн улсын хэмжээнд хэр байгаа вэ?
-Улсын хэмжээнд сэхээн амьдруулах эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн орны ачааллын мэдээллийг томуугийн үндэсний нэгж томуу, томуу төст өвчний идэвхжилтээс хамаарч долоо хоног бүр авч, дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээг төлөвлөн ажилладаг. Зургадугаар долоо хоногийн байдлаар сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн 55 хувь нь уушгины хатгаатай хүмүүс байна.
Томуугийн улирал эхлэхээр олон түвшинд халдварын тархалтыг үнэлж мэдээлэл өгдөг. Энэ талаар мэдээлэл өгөөч та?
-2018 оноос эхлээд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Улирлын томуу болон томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө бид амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний үзлэгийн эзлэх хувиар нь томуу, томуу төст өвчний тархалтыг ангилж, хариу арга хэмжээг төлөвлөн ажилладаг байсан. 2020 оноос эхлэн ЭМС-ын тушаалаар томуу, томуу төст өвчний идэвхжлийг 5 төвшинд хувааж үздэг болсон. Улирал хоорондын үе, идэвхжлийн үе, алаг цоог дэгдэлтийн үе, улсын хэмжээний дэгдэлт, тахал тархалт гэж 5 төвшинд хувааж байгаа. Улирал хоорондын үе гэдэг нь өвчлөл байна гэхдээ хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр бүртгэгдээгүй үеийг хэлдэг. Идэвхжилтийн үе нь тархалт нэмэгдэж байна ер нь дэгдэлт хэлбэрээр өвчлөл бүртгэгдэж эхэлж байгаа үеийг хэлдэг. Алаг цог дэгдэлтийн үед голомтот халдварууд бүртгэгдэж байгааг илэрхийлэх бол улсын хэмжээний буюу аймгийн хэмжээний дэгдэлт гэдэг нь хүн амын дунд халдварын тархалт нилээд өндөр төвшинд байгааг илэрхийлж байгааг хэлдэг. Тахал тархалтын үе нь 5-7 жилд нэг тохиолддог. Одоо энэ төвшинд арай хүрээгүй байна.
-Баярлалаа.