Баярын өдрүүдэд ГССҮТ-ийнхөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлжээ
Баярын өдрүүдээр ГССҮТөвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажилласан талаар ГССҮТ-ийн захиргаанаас мэдээллээ.
Тодруулбал, Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийжээ.
Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.
Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирсэн байна.