​Ц.Билэгтсайхан: Омикроноор нас барах эрсдэл Дельта, Альфагаас 10 дахин бага байна

2022 оны 1 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.

Манай улсад бүртгэгдэж буй нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатарт, 40 хувь нь орон нутагт байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад орон нутаг халдварын хэмжээ ихэссэн аж. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймгуудад халдварын тархалт хамгийн өндөр байна.

Харин томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нь Улаанбаатарт, 60 хувь нь орон нутаг бүртгэгдэж байна. 12 аймаг шар түвшинд, нэг аймаг улбар шар түвшинд, зургаан аймаг улаан түвшинд очжээ. “Ковид 19” цар тахал болон томуу, томуу төст өвчний тандалт судалгаа, эмнэл зүйн талаарх болон вакцинжуулалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, Тархвар судлаач, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа нар өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Тархалтыг ПГУ шинжилгээ, түүнд илрэх эерэг хувиар нь хардаг. Оны өмнө ПГУ шинжилгээгээр илрэх хувь нь 4-5 хувь байсан бол энэ долоо хоногт зургаа дахин нэмэгдэж, 30 хувь болсон. Дельтагийн давлагааны энэ хувь оргил үедээ 33 хувь хүрч байлаа.

Эмнэл зүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд заалттай үйлчлүүлэгчийн хувь нэгээс хэтрэхгүй, 0.7-0.8 хооронд байна. Дельтагийн давлагаанд 2.2-2.3 хувь, Альфагийн давлагаанд 2.7-2.8 хувь байсан. Тэгэхээр Омикроны давлагаа өмнөх давлагаануудтай харьцуулахад нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна.

Манай улсын нас баралтын хэмжээ дунджаар 0.3 хувиас ихгүй байдаг. Альфа, Дельта давлагааны үед хамгийн ихдээ 0.5 хувь хүрч байсан бол Омикроны үед 0.04 хувь байна. Энэ нь өмнөх давлагаануудаас 10 дахин бага үзүүлэлт.

Томуу, томуу төст өвчний тандалтыг танилцуулбал, өнөөдрийн байдлаар тус өвчнийг үүсгэгч есөн төрлийн вирус тодорхойлогдсон. Үүнээс риновирус, улирлын коронавирус, Н томуугийн вирус хамгийн их тодорхойлогдлоо.

Дархлаа сэргээх гуравдугаар тунд нэг сая, дөрөвдүгээр тунд 78 мянган иргэн байна.

Тархвар судлаач, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа: ДЭМБ-ын онц байдлын хорооны аравдугаар хурлаар халдварын шинэ хувилбар өндөр хурдтай тархаж, хүндрэл учруулж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээнд маш их дарамт учруулж байгааг онцолсон. Тиймээс вакцинжуулалтад хамрагдах боломжтой бол хамрагдаж, дэлхий даяараа нэгдэж тэмцэх хэрэгтэйг уриаллаа.

Манай улс ч бас нэгдэж тэмцэж байж хурц дэгдэлтүүдийг давж гарна. Шинэ хувилбар хурдан тархаж байгаа учир тохиолдлын тоо улам нэмэгдэж байна. Шинж тэмдэг илрээгүй нууц үеийн төгсгөл үед, шинж тэмдэг илэрсэн эхний 2-3 хоногт халдварлалт өндөр. Иймээс таньдаг хүн тань өвчилбөл энэ хүнтэй 2-3 хоногийн өмнө уулзсан уу, халдварт өртөх эрсдэл байгаа билүү гэж бодон хариуцлагатай хандах хэрэгтэй.

Сар шинийн баяр болохтой холбоотой олуулаа гадуур явж байна. Аль болох олон хүн цуглахыг хязгаарлахад анхаарч, олон хүнд үйлчилгээ үзүүлж буй ААН-үүд аль болох цөөн хүнд үйлчлэх, ажиллах цагаа багасгах, хүн хоорондын зайг бариулахад анхаарах шаардлагатай.

Гэр бүлийн халдвар их байна. Омикроны үед батлагдсан тохиолдлын хавьтлын тараах эрсдэл өндөр байгаа. Тэгэхээр батлагдсан тохиолдолтой хавьтал болсон хүн айлд очихдоо халдвар тарааж байна. Цагаан сараар хотоос аймагт, аймгаас сумд, сумаас хөдөөний айлуудад халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
634140
3 эможи

keyboard_arrow_up