Шийдвэр гаргах байгууллагуудад 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах санал хүргүүлжээ
НҮБ-ын Хүүхдийн сан болон Хуурамч мэдээллийн эсрэг Фактчек Монгол байгууллагаас хамтран зохион байгуулсан “Вакцин ба дархлаа” сэдэвт уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар “Вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй байна” хэмээн хэллээ.
Ковид-19 халдварын Омикрон хувилбарын давлагааны эрч буурч, сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн тохиолдол цөөрч байгаа ч хүүхэд болон, өндөр настан, жирэмсэн эхчүүд өвчлөх эрсдэлтэй хэвээр байна. “Дельта” хувилбарын давлагааны үед нийт халдварын 19-21 хувийг 17-оос доош насны хүүхдүүд эзэлж байсан бол Омикрон хувилбарын үед 22 хувийг эзлэх болжээ.
Коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдийн 72 хувь нь 12-оос доош насныхан буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа аж. Тиймээс энэ насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулах, 12-18 насныхныг нэмэлт тунд хамруулах шаардлагатай байгаа талаар мэргэжлийнхэн зөвлөж, саналаа шийдвэр гаргах байгууллагуудад хүргүүлжээ.









