ЭМЯ: Ковидын 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндлээ
Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2022.01.27)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2273 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 80-аас дээш насны хоёр хүн нас барсан байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 1183
- Орон нутагт - 1090
- Зөөвөрлөгдсөн-0
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.255, гэрийн хяналтанд 59.737 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2445 нь хүүхэд, 1425 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 937 хүний бие хүнд, 93 хүний бие нэн хүнд байна.
Дашрамд Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг өгч буйг сануулъя. Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.