Ц.Чинбаяр: Халдвар авсан хүмүүс амьсгаадаж, цустай цэр гарвал яаралтай эмчид хандаарай
Коронавируст халдварын шинэ хувилбар болох Омикрон хувилбарын нөхцөл байдал,эмнэлзүйн талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: Нийт халдвар авсан иргэдийн 45 хувь нь хөнгөн, 55 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд, 0,7 хувь нь нэн хүнд өвчилж байна. ХӨСҮТ-ийн хувьд хүнд, хүндрэх эрсдэлтэй, хатгалгаатай иргэдийг авч эмчилж байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй иргэдийн 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хөнгөн, 35 орчим хувь нь хүнд, 2,5 орчим хувь нь нэн хүнд гэсэн ангилалд хамаарч байна. Илэрч буй нийт шинж тэмдгийн хувьд харьцангуй хөнгөн, хүндэвтэр хүмүүсийн хувьд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргах, хөндүүрлэх, хуурай ханиалгах, бага зэрэг халуурах гэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Харин эмнэлзүйн хүнд болон нэн хүнд хүмүүсийн хувьд амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг түгээмэл. Эмчилгээний хувьд өмнөх хувилбаруудтай адил эм, эмчилгээ, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнээс гадна эрсдэлтэй бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэл байгаа тул халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаралтай эмчид хандаж эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Хэрэв хүндрэлийн шинж илэрч байвал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй. Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж буйтай холбоотой хүнд, нэн хүнд ангиллын хүмүүс нэмэгдэж байна. Эдгээр нь ихэвчлэн өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүс байгаа учир олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.Омриконоос вакцины хамгаалах хувь нь хоёр тун хийлгээд 3-6 сар өнгөрсөн тохиолдолд 75 хувь, гурав дахь тунгаа хийлгээд хоёр долоо хоног болсон бол 75 хувь хамгаалж байна. Хоёроос дээш тун вакцин хийсэн бол хүндрэлээс бүрэн сэргийлнэ.