Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна

2022 оны 1 сарын 19

Arslan.mnХӨСҮТ-өөс өнөөдөр /2022-01-19/ Корона вируст халдварын нөхцөл байдлын талаарх ерөнхий мэдээлэл болон ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, тандалт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр нар өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Сүүлийн өдрүүдэд буюу он гарснаас хойших 16 хоногийн хугацаанд тохиолдлын тоо эрс нэмэгдэж өдөрт тохиолдох тохиолдлын тоо 2000-3000 болж байна. Тохиолдлын тоог илтгэдэг нэг гол үзүүлэлт PCR шинжилгээ байдаг. Бид  11-р сарын сүүл 12-р сард эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалтын шинжилгээ, тусгаарлан ажиглах байрнаас давтан шинжилгээг авч зөөрлөгдсөн тохиолдлуудыг  ирлүүлэх шинжилгээнүүдийг илүүтэй авч ажиллаж байсан. Энэхүү хариу арга хэмжээний чиглэл дотоодын халдвар ихсэж байгаатай холбоотойгоор өөрчлөлтөд орж илүү том кластер болох эрсдэлт хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээг илүүтэй авч хэрэгжүүлж байна.

Иргэдийн хувьд ажлын газар, гэр бүлийн орчноос  халдвар авч байгаа тохиолдлууд 80-аас   илүү хувьтай байна.  Иймээс хүн хоорондын зай барьж, чанарын шаардлага хангасан мэс заслын нэг удаагийн амны маск, N95 амны  маскыг зүүх шаардлагатай байна.


Хувилбарын тандалтын хувьд оны өмнө хийж байсан шинжилгээний үр дүнг харвал нэгээс гурван хувь нь омикрон хувилбар байсан бол он гараад нэгдүгээр долоо хоногт нийт халдварын 40-50%, хоёрдугаар долоо хоногт 60-70%-д хүрч хурдацтай өссөн. Гуравдугаар долоо хоногийн хувьд омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлсэн байгаа бөгөөд үлдсэн 10% нь делта хувилбар байна.
ХӨСҮТ нь УОК-т тандалтын мэдээллийг тогтмол өгдөг бөгөөд УОК –д сургуулийн сурагчдын амралтыг 7-14 хоног хойшлуулах санал гаргаагүй. Харин 14 хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх юм бол хөдөлгөөний эрчимд тодорхой хувиар нөлөөлж халдварын тархац удаашрах нөхцөл бүрдэнэ гэсэн санал оруулсан.

Учир нь сүүлийн судалгаагаар нийт халдвар авсан өвчтөний 22% нь хүүхдүүд байгаа бөгөөд эдгээрийг насны бүлгээр ангилбал нийт тохиолдлын 73% нь 0-11 насныхан буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа юм.

Ер нь УОК-д ЭМЯ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдын зөвлөл, ХӨСҮТ, бусад мэргэжлийн байгууллагууд болон БСШУЯ гэх мэт олон байгууллага саналаа өгдөг.
УОК, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл,  ЭМЯ, бусад ажлын хэсгүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ойр ойрхон хуралдаж байна. УОК-т Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ нь тодорхой тооцоо, эрсдэлийн нөхцөл байдал, тохиолдлын тоо өссөнтэй холбоотой эрсдэлүүдийг тооцоолон, төлөвлөгөөг хүргэж ажиллаж байна. Бидний тооцоогоор нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэнд иргэдийн хөдөлгөөний эрчим цагаан сарын баярын хөл хөдөлгөөний эрчимтэй хосолсон тохиолдолд халдварын тархалт оргилдоо хүрч өдөрт 50-60 мянгад хүрэх хандлагатай судалгаа гарсан.
Иргэддээ уриалахад ТА бүхэн Үндэсний уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэн өнгөрүүлж, эрсдэлт бүлгийн хүн ам буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эх, өндөр настан, хавсарсан хүнд өвчтэй хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633906
3 эможи

keyboard_arrow_up