Иргэн А.З: Сүрьеэгийн 24 сарын горимоор эмчлэгдэж бүрэн эдгэрсэн
Бид цувралаар сүрьеэ өвчин тусаал бүрэн эдгэрсэн хүмүүстэй ярилцаж байгаа билээ. Энэ удаад 25 настай эмэгтэй А.З-тэй ярилцлаа.
- Бидний хувьд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл олгох үүднээс сүрьеэ өвчний талаарх мэдээллийг өгч байгаа юм. Таны хувьд сүрьеэтэй гэдгээ хэрхэн мэдсэн бэ?
- 2016 оны 12 сард оношлогдсон. Ер нь бол мэдэхгүй нэг жил явсан.
-Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч та?
- 2016 оны гуравдугаар сараас эхлээд ерөнхийдөө бие өвдөөд эхэлсэн нэг л тамиргүй болоод эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед цээжээр л бага зэргийн хатгуулаад өөр шинж тэмдэг байхгүй байсан. Тэгээд зүрх юм байна гэж бодоод зүрхээ үзүүлээд байсан чинь үе мөч үрэвсэлтэй байна гэсэн тул мөн үе мөчөө үзүүлээд яваад байсан. Тэгтэл тэр оныхоо тавдугаар сард нэлээн хүчтэй өвдөөд шинжилгээ хийлгүүлээд хатгаа болсон байна гээд долоо дугаар сард эмнэлэгт хэвтсэн. Тэр үед антибиотик амоксициллин хийгээд үр дүнгүй байна гээд 10-аад хоносон байхаа. Тэгээд хамгийн сүүлд сонголтоор Меропенем хийнэ гээд хийлгээд арай гайгүй болчихсон юм шиг санагдаад эмнэлгээс гарсан. Тэгж хэсэг явж байгаад 12 сард дахиж өвдөөд, дахиж хэвтээд шинжилгээ хийгээд сүрьеэ гэдэг нь оношлогдсон.
-Сүрьеэгийн эмчилгээг хэр хугацаанд хийлгэсэн бэ?
-Би 24 сарын горимоор эмчлэгдсэн. Миний хувьд гэр бүлийнхэн болон ойр торны хүмүүсээ идэвхтэй сүрьеэгээр өвчлүүлж халдвар тараагаагүйдээ маш их баярладаг. Миний ойр тойрны хүмүүс одоо тогтмол жилд нэг удаа сүрьеэгийн шинжилгээг өгч байдаг.
-Таны ойр тойронд өөр өвчилсөн хүн байсан уу?
-Байгаагүй. Хаанаас халдвар авснаа мэдэхгүй. Тэгэхдээ гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн идэвхгүй хэлбэрийн сүрьеэгийн бактерийг биедээ тээж байдаг юм байна лээ. Энэ вирус нь биеийн дархлаа буурах үед идэвхжиж өсөж үрждэг. Иймээс ер нь хэн ч энэ өвчнөөр өвчлөх боломжтой. Тиймээс хүн ерөнхий биеийн дархлаагаа маш сайн дэмжиж байх шаардлагатай юм байна. Тэгэхдээ сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин тул санаа зовох шаардлагагүй. Эмээ тууштай ууж, эмчилгээгээ эмчийн зааврын дагуу хийлгээрэй.
-Баярлалаа