Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ

2022 оны 1 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо.

Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. 2021 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийт 41 удаа болж, 461 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88.2 хувьтай байжээ.

Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.

Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.

Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулахад “Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна” хэмээв.

Хотын дарга “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ” хэмээв.

Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна

Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана” гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Арванхоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс түлш, зуухны зохицолгооны асуудал гарч ирсэн. Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугалт үүсгэж байна. Зуухны стандартыг батлуулахаар ажилдаа орсон. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн энэ жил Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна. Энэ нь 60 мянга орчим тонноор түлшний хэрэглээг нэмжээ.

Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Тэрбээр "Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцууллаа.

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.
  • Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах.
  • Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах.
  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах.
  • Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633744
0 эможи

keyboard_arrow_up