Иргэн Б: Сүрьеэгээр өвчилсөн бол оношоо зөв тодруулах, эмчилгээгээ эрт эхлэх нь чухал юм байна

2021 оны 10 сарын 05

Arslan.mn

Сайн байна уу? Танай хүү сүрьеэгээр өвдөөд хэр удаж байна вэ?

Манай хүү сүрьеэтэй гэж оношлогдоод хагас жил болж байна. Анх олон хоногоор ханиалгаад байсан. Эхэндээ ханиагаад байхаар нь энгийн л ханиад байх гэж бодсон. Гэрээрээ эм уулгаад ханиалга нь намдахгүй болохоор нь эмнэлэгт хандсан. Өрхдөө үзүүлэхэд сүрьеэ байж магадгүй гээд дүүргийнхээ сүрьеэгийн диспансерт очиж шинжилгээ өгөөд сүрьеэтэй болсноо мэдсэн.

Сүрьеэ өвчний талаар өмнө мэддэг байсан уу?

Сайн мэдэхгүй байсан. Сүрьеэ өвчин байна гэдгээ мэдэх үед бид бүгдээрээ л их шоконд орсон. Эхэндээ гэр бүлийн гишүүд бүгд ойрын хавьтал гэж үзээд сүрьеэгийн шинжилгээ өгсөн. Одоогоор нэмж хүн өвчлөөгүй байна. Тухайн үед СҮРЬЕЭ БҮРЭН ЭДГЭРДЭГ гэж эмчийн хэлсэн үг биднийг их тайвшруулсан.  Оншилогдосны дараа шууд эмнэлэгт хэвтсэнээр  биеийн байдал нь сайжирсан.  Эмнэлэгт нийлээд удаан эмчилгээ хийлгэж, халдварлах чадваргүй болоод гэрийн асаргаанд байна.

Эмчлүүлэгчид эмчилгээний дараах зовиур илэрч байна уу?

Энэ өвчин санасныг бодоход их хүнд байдаг юм байна. Өмнө нь сүрьеэг ийм айхтар хүнд өвчин гэж мэддэггүй байсан. Эмнэлэгт хэвтэж гарч ирээд биеийн байдал дээрдсэн боловч одоо ч мөн хэвтрийн дэглэмтэй л гэртээ байна.
Цус багадалттай байгаа тул цус төлжүүлэх болон биеийн ерөнхий тамир сайжруулах эмчилгээг нэмэлтээр хийж байна.  Цус төлжөөд биеийн байдал дээрдэх үед мэс засалд орох заалттай байгаа.

Гэрийн эмчилгээнд юуг анхаарч байна вэ?

Өдөр бүр 12 цагийн хоолны дараа эмийг нь уулгадаг. Анхандаа эм уухад мартаж яг цагтаа уухгүй байх тохиолдолд гардаг байсан. “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын явуулын багийнхан манайд өдөр бүр ирж, эмийг тогтмол цагт хяналттай уулгаж байгаа. Манайх төвөөс нэлээд алслагдмал байршилтай байдаг тул тэр бүр эмнэлэгт очиж эмээ авч уух боломжгүй байсан. Харин явуулын багт маш их баярлаж байгаа. Би өөрөө настай хүн тул гэрээр эм уулгах нь миний ажлыг ч бас их хөнгөлж байна. Үйлчилгээ харилцаа сайтай, ирэх болгондоо л асаргаа, сувилгааны зөвлөмж, зааварчилга өгдөг. Мөн сар бүр шинжилгээг гэрт маань ирж авдаг нь өвчний хүндрэлээс мөн сэргийлж байна. Гол нь эмийг нь цагт нь уулгаад, хоол цай асаргаа сайн байхад хүүхдээ эдгээж авч чадна гэсэн итгэлээр хүүгээ асарч байна.

Танай хүү өмнө нь ажил эрхэлдэг байсан уу? Гэр бүлийн санхүүгийн байдал тань хэр байна вэ?

Иргэд бид сүрьеэ гэхээр л  байдаг л өвчин гэж боддог нь маш буруу юм байна. Хүү маань өвдсөнөөсөө хойш ажил хийх чадваргүй болсон. Энэ нь манай гэр бүлийн санхүүд ч их нөлөөлж байна. Одоогоор миний тэтгэврийн мөнгөөр л амьдарч байна. Эм, үйлчилгээ нь үнэгүй байдаг нь л их нэмэр болж байна даа. Тэгэхдээ бид гэр бүлээрээ энэ өвчний ард гарч хүүгээ эрүүл болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, сүрьеэгийн өвчлөлд оношоо зөв тодруулах, эмчилгээгээ эрт эхлэх нь чухал гэдгийг  хэлмээр байна. 

Баярлалаа.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633730
0 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up