Б.Ганпүрэв: Уушгины халдварт сүрьеэтэй хүмүүсийг эрт оношлон эмчилснээр бусад иргэдийг УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ боломжтой

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв,Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Хяналтын эмч  Б.Ганпүрэвтэй ярилцлаа.

-Сүрьеэ өвчний талаарх ойлголтыг манай уншигчдад өгнө үү?

-Сүрьеэ гэдэг бол амьсгалын замаар халддаг, сүрьеэгийн нянгаар үсгэгддэг архаг халдварт өвчин юм. Энэ өвчин нь амьсгалын замаар буюу уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиах, найтаах, ярих зэрэгт сүрьеэгийн нян агаарт цацагдаж, улмаар энэ агаараар амьсгалсан хүн халдвар авч өвчилдөг. Аяга, таваг зэрэг ахуйн хавьтлаар халдахгүй. Сүрьеэгийн шинж тэмдэг 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, жин огцом буурах, шөнө хөлрөх, халуурах, цээжээр өвдөх, цустай болон өтгөн ногоон цэр гарах шинж тэмдэг ажиглагдвал хамгийн түрүүнд эмнэлэгт хандах ёстой.

-Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өвдөхгүйн тулд мэдээж дархлаагаа сайжруулах, амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Хамгийн гол нь тогтмол унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, эрүүл амьдралын хэв маягт суралцах ёстой. Сахарын диабет, уушгины архаг бөглөрөл, бөөрний дутагдал зэрэг архаг хууч өвчтэй хүн сүрьеэгийн халдвар аваад тэр дороо өвдөх эрсдэлтэй. Сүрьеэгийн халдвар авсан хэдий ч дархлаа сайн бол сүрьеэгээр өвдөхгүй байж болно. Иймээс дархлаагаа дэмжих, удаан хугацаагаар ханиалгаж, найтаах тохиолдолд хамгийн эхэнд маск зүүх, цаашлаад эмнэлэгт хандах шаардлагатай. Ингэснээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Уушгины халдварт сүрьеэтэй хүмүүсийг эрт оношлон эмчилснээр бусад иргэдийг урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд гэр бүлийн гишүүдийг хоёр жилийн турш тогтмол сүрьеэгийн урьдчилан үзлэг, шинжилгээнд хамруулах ёстой. Учир нь сүрьеэгийн халдвараар өвчлөгч нь ам бүл дөрвүүлээ байлаа гэхэд хоёр жилийн хугацаанд хоёр гишүүн нь өвчлөх эрсдэлтэй байдаг. Мөн 0-5 насны хүүхэдтэй бол урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийдэг. Манай улсын хувьд сүрьеэгээс урьдчилан сэргийлэхийн тулд нярайг төрөнгүүт нь 24 цагийн дотор сүрьеэгийн БЦЖ вакцин хийдэг. Энэ вакцин нь хүүхдийн хүнд хэлбэрийн сүрьеэ, олон эрхтэн систем хамарсан сүрьеэ, сүрьеэгийн менингит зэргээс хамгаалдаг. Харин хөнгөн хэлбэрийн сүрьеэгээс сэргийлэхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Амьдралын зөв хэв маягийг баримтлан, дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэж байна шүү дээ. Дархлаагаа хэрхэн сайжруулах талаар мэдээлэл өгөөч?

-Зөвхөн сүрьеэ гэлтгүй бусад өвчний хувьд ч чухал асуудал шүү дээ. Хамгийн гол зүйл нь тогтмол нойр, тогтмол хоол, дасгал хөдөлгөөн юм. Хүмүүс “тогтмол” гэдэг үгийг маш сайн санах хэрэгтэй. Тогтмол цагт унтаж, өдөрт 30 минутаас дээш хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, ажил амралтаа зохицуулах нь зөв. Энэ алхмуудыг л амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөх шаардлагатай. Сүрьеэ өвчин бол эрт оношлогдох тусмаа эдгэрэх магадлал өндөр байдаг. Харин хүндэрчихвэл тийм амар эдгэрэхгүй. Нас барах тохиолдол одоо ч байна.

-Хэдэн төрлийн сүрьеэ байдаг вэ?

-Ихэвчилэн 60-70 хувьдаа уушгийг гэмтээдэг. Харин үлдсэн хувьдаа бол үс, хумснаас бусад бүх эрхтэн системийг гэмтээдэг. Хэвлийн сүрьеэ, булчирхайн сүрьеэ, ясны сүрьеэ, арьсны нүдний сүрьеэ гэж хүртэл сүүлийн үед оношлогдоод байгаа. Тодруулж хэлэхэд, сүрьеэ бол халдварт өвчин учраас жилийн дөрвөн улиралд дамжин халдварласаар байдаг. Гэхдээ хаврын цагт илүү өндөр эрсдэлтэй. Учир нь 4-7 сарын үед ямар нэг шалтгаанаар хүмүүсийн дархлаа сулардагтай холбоотой.

-Хэн өвчлөх эрсдэл хамгийн өндөр байдаг вэ?

-Манай улсад 16-44 насны иргэд буюу хөдөлмөрийн насныхан сүрьеэгийн өвчлөлийн 60 орчим хувийг эзэлж байна. Гэтэл бусад өндөр хөгжилтэй оронд ихэвчлэн өндөр настай иргэд өвчилдөг. Энэ бол нийгмийн халдварт өвчин учраас манай улсын хувьд ажилгүйдэл, ядуурал, нийгмийн стресс, тогтворгүй байдал, эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүй зэргээс шалтгаалан ийм үр дүнд хүрсэн байдаг нь харамсалтай.

-Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд иргэд юуг чандлан сахих хэрэгтэй вэ?

-Сүрьеэг оношлоход харьцангуй амар боловч эмчилгээ нь тухайн хүнээс их тэвчээр шаарддаг. Яагаад гэвэл сүрьеэ өвчин дотроо эмэнд тэсвэртэй, эмэнд мэдрэг гэсэн хоёр төрөл байдаг. Аль нь ч байлаа гэсэн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг. Мөн өдөр бүр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, бэлтгэгдсэн хүмүүсийн хяналтад эм уудгаараа бусад өвчнөөс ялгаатай. Тиймээс тухайн өвчтөнөөс унааны зардал, цаг хугацаа гэх мэт зүйлс маш их шаардагддаг. Түүнчлэн эмчилгээг нэг ч тасалж болохгүй. Дунд нь нэг л тасалвал олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсдэг. Тиймээс хамгийн багадаа зургаан сар, цаашлаад 24 сараар урт хугацаатай эмчилгээ хийдэг.

-Дахин өвчлөх магадлал хэр өндөр вэ. Өвчнөө оношлуулалгүй удаан хугацаагаар явсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Сүрьеэгээр нэг өвдсөн л бол дахиж өвдөхгүй гэдэг нь их буруу ойлголт. Өвчнөө оношлуулаад, эмчилгээгээ бүрэн дүүрэн хийлгэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар дархлаа сулрах л юм бол дахиж хэдэн ч удаа өвчлөх эрсдэлтэй. Дахиж өвдөхдөө бүр архаг, хүнд хэлбэрт шилждэг. Мөн өвчилснөө мэдсэн хэрнээ эмчилгээ хийлгэхгүй бол тэр хүний өвчин хүндрээд бүр үхэлд хүргэх аюултай. Түүнчлэн эмчилгээ хийлгэж байгаад тасалбал олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүснэ. Цаашлаад гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ халдвар тараадаг. Тиймээс оношлогдсон л бол заавал эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатай.

-Сүхбаатар эрүүл мэндийн төв сүрьеэ өвчинтэй хэрхэн тэмцэж байна вэ. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?

-Манай дүүрэгт жилд 200 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг. Бид сүрьеэгийн диспансер, өрхийн эрүүл мэндийн төв, сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран эмийн эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Мөн 2019 оноос эхлэн манай дүүргийн хувьд онлайнаар хянах эмчилгээг нэвтрүүлсэн. 2019 онд 52 хүнийг энэ эмчилгээнд хамруулан амжилттай эмчилсэн. Онлайнаар хянах гэдэг нь скайп skype гэдэг аппликейшн ашиглан дүрсээ харж ярих юм. Тодруулж хэлбэл, энэ эмчилгээ нь өдөр бүр эм уух шаардлагатай ч цагийн ажилтай, оюутан зэрэг тодорхой шалтгааны улмаас эмнэлэгт ирэх боломжгүй хүмүүст зориулсан эмчилгээ. Гол нь тухайн хүмүүс онлайнд идэвхтэй байх шаардлагатай. Өөрсдөө сонголтоороо энэ эмчилгээг сонгох боломжтой. Давуу тал нь тухайн хүн хяналттай эмээ уухын тулд өдөрт хоёр цаг зарцуулдаг байсан бол дунджаар 57 секундийг зарцуулдаг болсон. Түүнчлэн өдөрт дунджаар 2510 төгрөгийн унааны зардал гаргадаг байсан бол 0 болсон. Мөн тухайн хүн эмээ уухын тулд өдөр бүр ажлаасаа чөлөө авахад бэрхшээлтэй шүү дээ. Энэ мэтчилэн хүндрэлийг арилгасан нь манай ЭМТ-д хэрэгжсэн шинэлэг арга юм. Мөн өрхийн эрүүл мэндийн төв болон оюутан, хөдөлмөрийн насны хүмүүст зориулж, сургалт сурталчилгаа хийх зэргээр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүнчлэн цахим орчныг ашигладаг юм.

-Иргэдэд хандаж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгнө үү?

-Дээр хэлсэн зүйлс дээр нэмээд гэртээ нарны гэрэл сайн орох нөхцөлийг бүрдүүлэх, хоёр цаг тутам цонхоо онгойлгож агаар оруулах, ханиаж, найтаахдаа салфетка ашиглах, тохой руугаа ханиах зэрэг дадал хэвшлийг сахих хэрэгтэй гэж сануулъя.

                                                    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633716
0 эможи

keyboard_arrow_up