Б.Цолмон: Залуу хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт их байгаа нь ХАЛДВАР нийгэмд идэвхтэй тархаж буйг илтгэдэг

2021 оны 8 сарын 14

Arslan.mn

Сүрьеэ өвчний тархалт, өнөөгийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач эмч Б.Цолмонтой ярилцлаа.

-Улсын хэмжээнд сүрьеэ өвчний тархалт ямар түвшинд байна вэ. Сүрьеэгийн халдвар буурч байна уу?

-Улсын хэмжээнд сүрьеэгийн тархалт илэрхий буурч байгаа дүр зураг харагдахгүй байна. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйлс бий. ДЭМБ-аас 2021 онд Монгол улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 улсын нэг болгон зарласан. Энэ дүгнэлт Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааны үр дүнгээр илэрсэн. Зүүн өмнөд Азийн Индонез, Камбож, Филиппин зэрэг орнууд, БНХАУ, Мьянмар болон Африкийн орнуудад сүрьеэгийн тархалт өндөр байдаг. Монгол Улс 3 сая буюу харьцангуй цөөн хүн амтай ч 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл нь 428 буюу тархалт өндөртэй  дээрх орнуудын түвшинд байгаа юм.

Барууны орнууд болон Япон, Солонгос зэрэг хөгжсөн орнуудад энэ тоо маш бага байдаг. Улс орнуудын эдийн засаг хөгжил өндөр байхын хэрээр сүрьеэгийн өвчлөл буурч байдаг зүй тогтолтой.

-Монгол Улсынхаа хэмжээнд авч үзвэл сүрьеэгийн тархалт хаана хамгийн өндөр байна вэ?

-Хот, хөдөөд тархалт ижил бөгөөд өндөр байна. Мөн тархалт бүх насныханд жигд өндөр байгаа нь дээрх судалгаагаар ажиглагдсан. Бүх насныхны дунд тархалт өндөр байгаа нь дэлхий дахинд өвчлөл өндөртэй орнуудад л ажиглагддаг. Залуу хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт их байгаа нь энэ халдвар нийгэмд маш идэвхтэй тархаж байгааг илтгэдэг. Сүрьеэ өвчин амьсгалын замаар халддаг учир хүн амын дунд өвчний эргэлт байсаар байна. Харин сүрьеэгийн өвчлөл багатай орнуудад бол өндөр настнууд нь илүүтэй өвчилдөг. Монголд бол бүх насанд өвчлөл өндөр байна. Үүгээрээ гол ялгаатай.

Сүрьеэгийн тархалт өндөртэй улс орнуудад халдвар эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байдаг. Манай улсад ч адилхан. Судалгаанаас харахад Монголд сүрьеэтэй таван хүн тутмын дөрөв нь эрэгтэйчүүд байна.

-Энэ хэзээний судалгааны үр дүн бэ?

2014-2015 онд хийсэн сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааны үр дүн Монгол Улс дараагийн судалгааг 2025 онд хийх ёстой. Халдварын тархалтын цар хүрээг тогтоож, бидний хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хир үр нөлөөтэй байгааг хянадаг гол судалгаа нь энэ юм. ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу, олон улстай харьцуулахуйц хэмжээнд хийдэг энэ үндэсний  судалгааг өвчлөл өндөртэй орнуудыг 10 жилд нэг удаа хийхийг зөвлөдөг. Зарим орон таван жилд нэг удаа хийж байна. Эрэгтэйчүүдийн дунд халдвар өндөр байгаа нь тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжгүйгээс оношлогдохгүй халдвар тараагчид болж байна гэсэн үг.

-Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахын тулд манай улсын хувьд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Өвчлөл өндөртэй байгаа учраас бүх насныханд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлага тулгарч байна. Жишээлбэл, Албан байгууллагууд ажилтнуудаа жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэдэг байх хэрэгтэй. Монгол Улсад жилд 4000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр оношлогдож байна. ДЭМБ-ын тооцооллоор авч үзэхэд манай улсад жилд 14 мянга орчим хүн шинээр сүрьеэгээр өвчилж, түүний 4000 нь илэрч байна гэсэн үг. Цаана нь 10 мянган хүн халдвар оношлогдолгүй, архаг ханиад гэж үзээд, халдвараа тараагаад яваад байна.

Сүрьеэгийн зовуурьтай хүн эхлээд өрх, сумын эмнэлэгтээ хандана. Өрхийн эмч үзээд сүрьеэ байж болзошгүй гэж үзвэл, аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмч рүү шилжүүлнэ. Эсвэл цэрний сорьц аваад, аймаг, дүүргийнхээ эмнэлэг рүү тээвэрлэн шинжилгээ хийлгэнэ. Зарим тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр сүрьеэг илрүүлдэг.

-Сүрьеэгийн эмчилгээний асуудал манай улсад бүрэн шийдэгдсэн үү?

-Сүрьеэгийн эмчилгээний амжилт 90 хувьтай байна. Эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг. Хамгийн багадаа зургаан сар эмчилнэ. Энэ нь эмэнд тэсвэртэй сүрьеэ эсэхээс хамаарна. Хэрэв эмэнд мэдрэг бол зургаан сарын турш өдөр бүр эмээ уухад эдгэрнэ. Хэрэв эмэнд тэсвэртэй бол зарим тохиолдолд гурван жил хүртэл хугацаагаар эмчлэх шаардлага гардаг. Манай улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 24 сар эмчилдэг байсан бол энэ хугацааг богиносгох чиглэлээр судалгаа хийж, амжилттай үр дүнгүүд гарч байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэг 6-9 сарын хугацаанд эмчлэх боломж бүрдэж байна. Сүрьеэгийн салбарт 2015 оноос хойш маш их ахиц дэвшлүүд гарч байгаа. Сүрьеэгийн тандалтын албаны хувьд энэ салбарт гарсан эмчилгээ, оношилгооны ахиц дэвшлүүдээс өөрийн оронд цаг алдалгүй нэвтрүүлэх бодлого барьж ажилладаг.

-Коронавирусийн халдвар сүрьеэд үзүүлж буй нөлөөлөл анзаарагдаж байна уу?

-Коронавирусийн халдвар болон сүрьеэгийн халдвар нь адилхан амьсгалын замаар халдварладаг. КОВИД-19-ын халдвар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаж, үүнийг дагасан том асуудал дэгдсэн учир илүү анхаарал татаж байна. Уг вирусийн цар тахлын сүрьеэд үзүүлж буй нөлөө гэвэл дэлхий нийтэд сүүлийн үед сүрьеэгийн илрүүлэлт үлэмж хэмжээгээр буурсан. Манай улсын хувьд жилд дунджаар 4000 сүрьеэгийн тохиолдлыг илрүүлдэг байсан бол одоо 3300 болон буурсан байна.

-Яагаад?

-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, КОВИД-19-ын халдварыг эмчлэхийн тулд хот, хөдөөгийн эмнэлгүүдийн сүрьеэгийн тасаг, эмч мэргэжилтнүүдийг дайчилж байна. Хоёрдугаарт, КОВИД-19-ын халдварын эрчмийг бууруулахын тулд олон удаагийн хөл хорио тогтоосон. Гэхдээ үүний сөрөг нөлөөнд сүрьеэтэй өвчтөнүүд тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн. Манай улсын хувьд сүүлийн зургаан сарын байдлаар нийт Сүрьеэгийн диспансерын байруудын 50 хувиас илүү нь, сүрьеэгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн 42 хувь КОВИД-19-ын халдварын эсрэг хариу арга хэмжээнд дайчлагдан ажиллаж байна. Үүнтэй холбоотой сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмж, илрүүлэлт буурах зэрэг хүндрэл гарлаа.

2020 оны эхний хагас жилд нийт илрүүлбэл зохих сүрьеэтэй өвчтөнүүдийн 29 хувийг илрүүлж байсан бол 2021 оны мөн үед энэ үзүүлэлт 19 хувь болж буурсан. Өмнөх оны эхний хагас жилд сүрьеэтэй 2179 өвчтөнийг илрүүлсэн бол энэ оны эхний хагас жилд 1401 болж буурсан.  Энэ бол цар тахлын сүрьеэд үзүүлж буй нөлөө. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож буй асуудал биш, дэлхий дахинд сүрьеэгийн илрүүлэлт 30 хувиар буурсан.

-Энэ зун сүрьеэгийн халдварыг илрүүлэх үзлэг оношилгоог хийсэн гэж дуулсан?

-Тийм ээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотод төвлөрч, сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулсан. Энэ ажил дээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, МУЗН зэрэг ТББ-уудтай хамтарч ажиллаж байна. Жишээлбэл, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь өрхийн эмнэлгүүдэд түшиглэн, сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүмүүсийг өрхийн эмнэлгүүдэд цуглуулж, рентген зураг авч сүрьеэгийн үзлэг хийхийн зэрэгцээ давхар ковидын үзлэг зэрэг хийсэн. Энэ хугацаанд эрсдэлт бүлгийн 13 мянга орчим хүнийг үзлэгт хамруулж, сүрьеэ болон ковидын тус бүр 40 гаруй тохиолдлыг илрүүлсэн. Энэ бол сүрьеэг илрүүлж, эмчилгээнд хурдан хамруулах чиглэлээр хийсэн ажлуудын нэг.

Өмнөх оны эхний хагас жилд сүрьеэтэй 2179 өвчтөнийг илрүүлсэн бол энэ оны эхний хагас жилд 1401 болж буурсан.  Энэ бол цар тахлын сүрьеэд үзүүлж буй нөлөө.

-Сүрьеэгийн халдвар эртнээс байсан, устахгүй байгаагийн шалтгаан юу бол?

-Сүрьеэгийн нян нь хүн төрөлхтөнд 70 мянга орчим жилийн өмнөөс халдварлаж эхэлсэн гэж үздэг. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын дөрөвний нэг нь энэ халдварыг аль хэдийн авчихсан байгаа гэж үздэг. Монгол Улсад ч гурван хүн тутмын нэг нь халдвартай гэж илэрдэг ч тэдний цөөн хэсэг нь өвчилдөг. Хүн амын дунд маш өргөн тархсан халдвар юм. ДЭМБ-аас 2035 он гэхэдсүрьеэг устгах зорилт тавьсан байдаг. Сүрьеэг устгана гэхээс илүү өвчлөлийг бага түвшинд хүргэнэ гэсэн зорилт юм. 2015 оны нөхцөл байдалтай харьцуулахад сүрьеэгийн өвчлөлийг 90 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Түүний тулд энэ салбарт шинэ инноваци хэрэгтэй бөгөөд энэ хүрээнд олон ажлууд хийж байна.

Манай улсын хувьд сүрьеэгийн илрүүлэлт сул байна. Нийт тохиолдлын 30 орчим хувийг илрүүлж байсан бол цар тахалтай холбоотойгоор илрүүлэлт буурсан. Энэ байдлаараа бид ДЭМБ-ын тавьсан зорилтод хүрэхгүй байх талтай. Жишээлбэл, Япон улс халдвар маш багатай орон. Тэгсэн хэр  нь хэзээ сүрьеэгээс салах вэ? гэсэн сэдвээр олон улсын хуралд илтгэл тавихдаа “Сүрьегээс салахад 100 жил хэрэгтэй” гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ халдвар бага боловч байсаар байх юм байна.

-Яавал энэ зорилтод дөхөж очих боломжтой вэ?

-Сүрьеэгийн салбарт манлайлал, хөрөнгө оруулалт, шинэ инноваци, шинэ бүтэц зохион байгуулалт хэрэгтэй нь харагдаж байна.

-Манай улсад тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудал. 2015 оны судалгааны үр дүнгээр сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь ажиглагдсан, мөн эмч нарын дундаж нас өндөр байсан тул хүний нөөцөө нэмэгдүүлэх бодлого гаргаж, богино хугацаанд эмчийн тоог нөхөхийг хичээсэн. Одоо манай эмч нарын нас залуужсан. Гэхдээ одоо мөрдөж байгаа бүтэц стандартдаа хүрээгүй, нийт эмчийн орон тооныхоо 70 орчим хувь нь хангагдсан. Одоо удахгүй сувилагч нарын дутагдалд орох нь. 10 жилийн дараа гэхэд сүрьеэгийн салбарын сувилагчдын 50 хувь тэтгэврийн насанд хүрэхээр байна.

Хоёрдугаарт, сүрьеэгийн өвчлөлийг амжилттай бууруулсан орнуудаас харахад сүрьеэг илрүүлэх рентген аппаратын хүрэлцээ маш чухал. Сүрьеэг илрүүлэх гол арга нь рентген зураг юм. Сүрьеэгээр оношлогдсон хүний хавьтал болох гэр бүлийнхэн нь 6-12 сар тутамд үзлэгт орж байх ёстой ч рентген аппаратын тоо болон тэнд ажиллах боловсон хүчин дутагдалтай байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД СҮРЬЕЭ ЦААШИД Ч КОВИД-19-ООС ИЛҮҮ ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ

-Та бүхэн энэ мэт тулгамдсан асуудлаа яам болон шийдвэр гаргах түвшинд танилцуулсан уу?

-Асуудлуудаа үндэслэлтэйгээр гарган тавьж, танилцуулдаг. Үүний хариуд нааштай шийдвэрүүд гарсан. Сүрьеэгийн тархалтын судалгааг 2014-2015 онд хийхэд манай улсад зөөврийн рентген аппараттай эмнэлэг цөөн байсан бол өнөөдөр бүх аймаг, дүүргийн эмнэлэг бүрэн хангагдсан. Гэхдээ л аймагт нэг зөөврийн рентген аппарат өгсөн ч тэр аппаратыг бүрэн ашиглахгүй байна. Аппарат байнгын ажиллагаатай байж илрүүлэлт сайжирна, бидний хүссэн үр дүн гарна.  “Глобаль сан”-гийн дэмжлэгээр рентген аппаратаар хангасан. Энэ аппаратыг ашиглахын тулд дагалдах зардлуудыг шийдэж өгөх хэрэгтэй юм.

-Сүрьеэгийн эмчилгээний зардлыг Засгийн газар хариуцаж байна уу, “Глобаль сан”-гаас хангасаар байна уу?

-Эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөний эмийг Улсын төсвөөс хариуцна. Харин эмэнд тэсвэртэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнд илүү үнэтэй эм хэрэглэдэг бөгөөд ийм өвчтөний эмчилгээний  зардлын 80 хувийг ”Глобаль сан”-гаас гаргаж байна. Сүрьеэгийн эмчилгээний өртөг өндөр учир төсөвт дарамт ихтэй. Жишээлбэл, Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй нэг өвчтөний зөвхөн эмийн зардал нь 7-10 сая төгрөг болно.

Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах нь зөвхөн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн үүрэг гэх ойлголт саяхныг хүртэл байсан нь өрөөсгөл юм. Ийм ойлголттой шийдвэр гаргагч нар байсан учир өвчлөл буурахгүй өнөөг хүрсэн. Энэ бол салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд буурах учир ойлголт хандлагаа өөрчилж байж энэ өвчний ард гарна. Гол нь халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай. 

Улсын хэмжээнд жилд илэрч байгаа сүрьеэгийн 4000 тохиолдлын 1000 гаруй нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгддэг.

-Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилж байна. Өмнө нь 5 хүртэлх насны хүүхдэд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг байсан. 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар сүрьеэтэй өвчтөний хавьтал болж, халдвар авсан бүх насны хүнийг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж болно. Эдгээр “далд халдвар”-тай хүмүүсийг эмчлэхгүйгээр сүрьеэг бууруулахгүй гэдгийг дэлхий нийтээр ойлгосон учир энэ тал руу анхаарал тавьж эхэлсэн. Манай улс мөн эмчилгээний аргыг нэвтрүүлэхээр эмээ захиалаад авчихсан. Сүрьеэтэй өвчтөн зургаан сарын турш өдөр бүр эм уудаг. Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь гурван сарын турш долоо хоногт нэг удаа эм ууна гэсэн эмчилгээний аргачлал бий болсон.

Сүрьеэгийн далд халдварыг оновчтой илрүүлэх арга технологи олон улсын хэмжээнд гарсан боловч тэр нь Монголын нөхцөлд арай үнэтэй тусаж байгаа. Хувийн зарим лабораториудад далд халдварыг илрүүлэх нэг шинжилгээг 150 мянган орчим төгрөгөөр хийж байна. Улсын төсөвт ийм зардал тусгагдаагүй. Халдвар авсан боловч өвчлөөгүй иргэдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийвэл халдварынцар хүрээ хумигдана. Ингэж хоёр талаас нь зэрэг ажиллавал сүрьеэгийн тархалтыг бууруулна гэж дэлхий нийтээр санал нэгдэж, энэ чиглэлээр анхааран ажиллаж байна.

-Монголчууд аливаад амархан дасдаг ард түмэн. Сүрьеэ бидний мэдэхийн л байсан, тийм учраас аюултай гэж бодохоо больсон мэт санагддаг. Одоо КОВИД-19-өөс өөрийгөө хамгаалахын тулд дор бүрнээ хичээж байна. Сүрьеэ, КОВИД-19 хоёрын аль нь аюултай вэ гэж асуувал Тэ эмч хүний хувьд ямар хариулт өгөх бол?
-Хүн амд үзүүлж буй бодит хохирлыг нь тооцож үзвэл сүрьеэ илүү аюултай. Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа системтэйгээр хэрэгжиж эхэлснээс хойш 100 жил болж байна. 100 жилийн турш тэмцээд энэ өвчний тархалт өндөр хэвээр байна. Жилд 200 гаруй хүн сүрьеэгээр нас барж байгааг сүүлийн 30 жилээр бодоход багадаа 6000 хүн сүрьеэгийн улмаас хорвоог орхижээ. КОВИД-19 бол хурц халдвар. Сүрьеэ бол архаг халдвар учир хүмүүсийн анхаарлыг татахгүй байна. Нийгэм, эдийн засгийн хувьд сүрьеэ цаашид ч КОВИД-19-оос илүү хохирол учруулах эрсдэлтэй.

-Сүрьеэтэй өвчтөнүүд эмчилгээгээ дундаас нь орхидог сөрөг тал байсан. Ийм байдал одоо дээрдсэн үү?

-Өвчтөнүүд эмчилгээнээс залхах, эмчилгээг таслах байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа Улаанбаатар хотод өвчтөнүүд эмчилгээ таслах явдал их гарч байна. Орон гэргүй болон архины хамааралтай иргэд эмчилгээ таслах гээд байдаг хандлагатай. Эмчилгээ таслах нь нийслэлийн ачаалал ихтэй хоёр дүүрэгт хамгийн их байдаг. Тэр нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг.

Улсын хэмжээнд илэрч байгаа сүрьеэгийн 4000 тохиолдлын 1000 гаруй нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт илэрдэг. Тохиолдлын тоо өндөр атал эдгээр дүүрэгт ажиллаж байгаа сүрьеэгийн эмч, ажилтнуудын тоо хангалтгүй. Улсын хэмжээнд сүрьеэгийн нэг эмч 50 өвчтөнийг хариуцаж ажилладаг бол энэ хоёр дүүрэгт нэг эмчид 120 өвчтөн ногдож байна. Тэр хэрээр эмчилгээ таслах тохиолдол өндөр байдаг. Сүрьеэтэй өвчтөнийг дутуу эмчилбэл түүнээс гарах сөрөг үр дагавар маш их.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633702
0 эможи

keyboard_arrow_up