Б.Оюунцэцэг: Сүрьеэ эдгэрдэг өвчин тул халдвар авсан хүмүүсийг гадуурхахгүй байх нь зүйтэй

2021 оны 7 сарын 28

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, их эмч Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.

Arslan.mn-Сүрьеэ өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?

-Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, агаар дуслын замаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.

Гэхдээ халдвартай хүний хажууд байж, халдвартай агаараар амьсгалсан хүн бүр заавал сүрьеэгээр өвчлөхгүй. Халдвар авсан 10 хүний зөвхөн нэг нь нэг жилийн дотор сүрьеэ өвчнөөр өвчилж болно гэсэн судалгаа байдаг.  Халдвар авсан, өөрөө өвдөөгүй хүн бусдад халдвар тараахгүй.  

Халдварыг тээж, нян биед унтаа байдалтай байх үед хүнд өвчлөх, дархлаа дарангуйлах эмчилгээтэй байх, ямар нэг байдлаар ядрах, архи тамхины буруу хэрэглээ, бухимдал, хорт зуршил, хоол тэжээлийн дутагдал, амьдрах орчин чийглэг, хүйтэнд байх зэргээс болж хүний биеийн дархлаа суларснаас унтаа байдалтай байсан нян идэвхжин өвчин үүсгэх  аюултай байдаг.

Сүрьеэ өвчин нь энгийн болон эмэнд дасалтай гэсэн хэлбэртэй. Эмэнд дасалтай сүрьеэ нь сүрьеэ өвчнийг эмчилдэг үндсэн эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Энэ хэлбэр урьд нь сүрьеэгээр өвдөж байгаад эмчилгээг дутуу орхисон буюу эмчилгээ тасалснаас үүсдэг, эсвэл анхнаасаа эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнөөс халдвар авч өвчилсөн тохиолдлыг хэлдэг. Энэ тохиолдолд өвчтөний эмчилгээний хугацаа урт байдаг тул эмч өвчтөн хоёр эмчилгээгээ тууштай, үр дүнтэй хийвэл бүрэн эдгэрдэг өвчин юм.

Халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүн 2-3 долоо хоногийн хугацаанд эмээ тогтмол уух тохиолдолд халдвар багасах, 70-80 нь халдваргүй болдог.

Зөвхөн уушигны сүрьеэгээр өвчилсөн, ханиах найтаахдаа агаарт нян цацаж байгаа өвчтөнөөс халдвар тардаг. Бусад хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүн халдвар тараахгүй. Иймээс гар барих, ариун цэврийн өрөөний суултуур, ор хөнжил, аяга тавгаар халдвар дамжихгүй.

-Ховд аймагт хүүхдийн сүрьеэгийн тохиолдол байдаг уу?  

-Хүүхэд төрөнгүүт 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийлгэдэг. Энэ нь өвчлөх болон хүнд хэлбэрээр өвдөхөөс сэргийлдэг.  Манай аймгийн хувьд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол цөөн бүртгэгддэг. Өнгөрсөн 2018-2020 оны байдлаар таван тохиолдол бүртгэгдсэн.

Энэ нь хүүхдүүд цахим (PC) тоглоомын газарт бөөгнөрөл үүсгэж, чөлөөт цагаа өнгөрөөдөг болсон, мөн гар утас, компьютерээр тоглох зэрэг нь хүүхдийн дархлааг бууруулдаг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хяналт, анхаарал халамжаа сайжруулж, тэднийг эрүүл, цэвэр агаарт гаргах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, дархлаа дэмжсэн хоол хүнс хэрэглэх зэрэг эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?

-Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хоёр арга байдаг. Үүнд нэгдүгээрт, төрсөн нярай бүрт вакцин хийдэг. Хоёрдугаарт, иргэн эрүүл аж төрөх зан үйлийг баримтлах юм.   

Сүрьеэ өвчин нийгмийн халдварт өвчин учраас хүн бүр өөрийнхөө дархлааг сайтар дэмжих нь урьдчилан сэргийлэх бас нэг боломж.

Мөн амралт чөлөөт цагаа тохируулж, аль болох тайван байж, архи, тамхи хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн амьдарч буй орон байрандаа өдөр бүр агаар сэлгэх, нарны туяа оруулах хэрэгтэй. Учир нь сүрьеэгийн нян нарны туяанд нэг цагийн дотор үхдэг тул энэ их чухал юм. Одоо хаврын улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүний дархлаа сулардаг. Иймээс халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Хэнийг ч сүрьеэгийн халдвартай гэж мэдэх боломжгүй шүү дээ. Хамгийн гол нь халдвар тарааж байгаа эх уурхайг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулах нь чухал юм.

Иргэд олон нийтийн газар ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах нь халдвар тархах эрсдэлээс сэргийлэх бөгөөд энгийн арга билээ. Сүрьеэ өвчин вирусээр биш, бактериар үүсгэгддэг тул өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, өвчнөө бүрэн төгс эмчлүүлэхийг уриалж байна.  

- Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд танай тасгаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-Манай хамт олон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийдэг. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн оюутан, суралцагчдад зориулан жилд 2-3 удаа сургалт зохион байгуулж байна.

Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байгаа байлдагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нээлттэй-хаалттай хорих 457 дугаар ангид хүмүүжигч нарт зориулан жилд нэг удаа үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл түгээдэг.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулатори болон бусад тасгаар үйлчлүүлэгчдэд сурталчилгааны материал, зөвлөмжийг тарааж, яриа таниулга хийж байна.

Энэ сард сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээллийг  цахим хэлбэрээр иргэдэд хүргэн ажиллаж байна.  

-Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд бүрэн эмчлэгдэх үү?

-Сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Энгийн сүрьеэгийн өвчлөлд зургаан сарын хугацаатай эмчилгээ хийдэг. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолд 18-24 сарын хугацаатай эмчилгээ хийж байна. Өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээг тасалдуулахгүй, эмчийн зөвлөгөөний дагуу хорт зуршлаас татгалзаж чадвал сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэл зүй, гэр бүлийн гишүүдийн дэмжлэг чухал нөлөөтэй.

Сүрьеэ өвчин хүндэрсэн тохиолдолд бусад эрхтэнд нөлөөлөх үү?

-Сүрьеэгийн нян нь амьсгалын замаар халдварладаг тул 70 хувь нь уушгийг өвчлүүлдэг. Гэхдээ бөөр, тархи, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтэнд нөлөөлөхгүй.  

Иргэдийн дунд халдвартай, “муухай” өвчин гэсэн буруу ойлголт байдаг тул өвчилсөн хүн өвчнөө нууж удаан хугацаанд явах, янз бүрийн зүйл хэрэглэж өвчнөө хүндрүүлбэл бүх эрхтнийг өвчлүүлж, амиа алдах, халдвар их хэмжээгээр тараах эрсдэл бий. Энэ өвчнийг оройтож оношлуулах нь хамгийн хүндрэлтэй байдаг. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай юм.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?

-Хоёр буюу түүнээс дээш долоо хоног ханиалгах, цустай цэр гарах, биеийн жин буурах, ядрах сульдах, шөнө хөлрөх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрх болон аймаг, сумын эмнэлэг, сүрьеэгийн эмчид хандаж  эмчилгээ, оношилгоо хийлгэх ёстой.

Зарим иргэд сүрьеэгийн халдвар авсан хүнээс цэрвэх, ойртож болохгүй, аяга тавгаа солихгүй байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчсөн ялгаварлан гадуурхал юм. Мөн сүрьеэ өвчтэй хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Харин халдвартай байх гэж үзэж байвал тэдэнд эрт эмнэлэгт хандаж эмчлүүлэхийг зөвлөх, түүнд туслах, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, гэр орноо агааржуулах, амны хаалт зүүх зэргийг зөвлөх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл илгээж болно. Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин учраас халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх нь зүйтэй гэдгийг дахин дахин иргэдээсээ хүсмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633701
0 эможи

keyboard_arrow_up