УНТЭ-ийн хамт олон шинэхэн гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн зөвлөх эмч Доржийн Чулуунцэцэгт өчигдөр Монгол Улсын Гавьяат эмч цол хүртээсэн билээ.
Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал болон бусад хамт олон шинэхэн Гавьяат эмч Д.Чулуунцэцэгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүний гавьяат эмч Д.Чулуунцэцэг "Би Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн цагаас эрүүл мэндийн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Бөөрний мэс засалч, бөөрний эмч, хиймэл бөөрний аппаратны эмчээр ажилласан. 2006 оноос эхлэн бөөрний дутагдалтай хүмүүсийн эмчилгээний нэг хэлбэр болох бөөрний аппаратны эмчилгээг хөгжүүлэх гэж тодорхой цаг хугацаагаа зарцуулсан. 2006 онд бөөрний хоёр аппарат байсан бол өнөөдрийн хэмжээнд 190 аппаратанд 900 орчим хүн эмчлүүлж байна. Бүх аймаг, дүүрэгт бөөрний эмчилгээ үзүүлдэг болно гэдэг бол миний энэ салбарт хийсэн ажлын тодорхой хэсэг гэж бодож байна. Хамт олондоо маш их баярлалаа." гэв