УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир Монгол Улсын Гавьяат эмч боллоо
Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна.
Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, их эмч, Анагаах ухааны доктор, Дэд профессор Цэдэв-Очирын Төмөр-Очир өнөөдөр Монгол Улсын Гавьяат эмч боллоо.
Тэрээр эрүүл мэндийн салбарт 27 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1994 оноос одоо хүртэл П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн их эмч, тасгийн эрхлэгч, 2013 оноос Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
УГТЭ нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч байгууллага бөгөөд зүрх, судас, мэдрэлийн чиглэлээрх тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бөгөөд 2020-2021 оны хугацаанд 11 чиглэлийн 32 эмчилгээ, оношилгооны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн бөгөөд уг амжилтаараа "Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэнд “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан. Тэд энэ амжилтаа сүүлийн дөрвөн жил хадгалж байгаа бөгөөд удирдлагын багын бүтээлч, зөв төлөвлөлтийн үр дүнд богино хугацаанд олон шинэ технологийг нэвтрүүлж чаддаг чадварлаг хамт олон.