Тайванийн төлөөлөгчийн газраас ХӨСҮТ-д эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах 200 ширхэг тусгаарлах хаалтыг хандивлалаа
Тайпейн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас ХӨСҮТ-д нийт 200 ширхэг тусгаарлах хаалтыг өчигдөр /2021.12.23/ гардуулж өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нар хандивыг баталж гарын үсэг зурсан бөгөөд бусад албаны хүмүүс байлцлаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид Тайван улстай хамтын ажиллагаа өргөжүүлэхээр өмнө нь Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уулзсан. Уулзалтаар, Тайваны эмнэлгүүдэд болон Олон улсын Тайваны их сургуулиудад эмнэлзүйн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, ажилчдаа богино, дунд хугацааны сургалтанд хамруулах боломжуудын талаар ярилцсан. Уулзалтын үр дүнд мэдээллийн технологи, цахим мэдээлэл, статистикийн чиглэлээрх сургалтад эмч, мэргэжилтнүүдийг хамруулахаар бүртгэл хийгдсэн байгаад талархалаа илэрхийлж байна. Мөн Тайваны Өвчтөний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллахаар тодорхой саналуудыг хүргүүлсэн байгаа.
Хэдийгээр Монгол улсад дельта буюу гуравдугаар давлагаа буурч байгаа ч гэсэн ХӨСҮТ-д коронавируст халдварын эсрэг ажлын ачаалал буураагүй байгаа. Өнөөдрийн та бүхний хандивлаж буй тусгаарлах хаалт өвчтөнийг зөөвөрлөх явцад эмч, сувилагч нарыг эрсдлээс хамгаалахад туйлын хэрэгтэйг дурдах нь зүйтэй” гэдгийг онцлов.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “ Халдвараас хамгаалах 200 ширхэг тусгаарлах хаалтыг хандивлаж байгаад маш их баяртай байна. Энэхүү хаалтыг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд халдвар авсан өвчтөнийг эмнэлэгт зөөх явцад ашиглаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахад чухал ач холбогдолтой эмнэлгийн хэрэгсэл байгаа. Сүүлийн саруудад халдварын тохиолдол эрс буурч байгаа сайхан мэдээ авч байна. Энэ бол эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотой. Тиймээс та бүхэндээ шинэ сэтгэлээсээ талархал илэрхийлье.” гэв.
Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Тайпейн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт Талархал гардуулан өглөө.
Ташрамд дурдахад, Тайваны Засгийн газраас ХӨСҮТ-д
· 2020 онд нийт 400 мянган ам долларын үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хувцас 5000 ширхэг, халдвар хамгааллын хувцас 20,000 ширхэг, амны хаалт 20,000 ширхэг,
· 2021 онд 3480 ам долларын үнэтэй 200 ширхэг өвчтөний хамгаалах хаалт тус тус хандивлаж байв.