Э.Умбудаллаей: Сүрьеэгийн эмийг өглөөгүүр тогтмол цагт уух нь илүү үр дүнтэй

2021 оны 9 сарын 02

Arslan.mnХүүхдийн сүрьеэгийн өвчлөлийн талаар Завхан аймгийн сүрьеэгийн диспансер эмч Э.Умбудаллаейтай ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай аймгийн хувьд сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ жилийн хувьд Ковид цар тахалтай холбоотой эрт илрүүлэг маань оройтож эхэлсэн. Гэхдээ 10-р сард урьдчилан сэргийлэх үзлэгээр 24 цагийн турш ажиллаж эрт илрүүлэгт 4500 хүнийг хамруулж чадсан.

-Аймгийн хэмжээнд жилд дунджаар хэдэн хүн сүрьеэгийн халдвар авдаг вэ? Өвчлөлийн шалтгаан нь юу байна вэ?

-Манай аймгийн тухайд бусад аймаг орон нутагтай харьцуулахад өвчлөл харьцангуй бага, жилд дунджаар 40-45 сүрьеэ оношлогддог. Шалтгааны хувьд өмнө нь эмзэг бүлгийн хүн ам энэ өвчлөлд ихээр өртдөг байсан бол одоо одоо дархлаа султай, суурь өвчтэй хүмүүс ихэвчлэн өртөх болсон.

-Хүүхдийн сүрьеэгийн өвчлөл Завхан аймгийн хэмжээнд хэд бүртгэгддэг вэ? 

-Хүүхдийн сүрьеэ ч гэсэн манайд харьцангуй бага байдаг. Жилд дунджаар 4-5 сүрьеэтэй хүүхэд оношлогддог.

-Хүүхэд сүрьеэгээр өвдсөн тохиолдолд эмнэлэг болон сургуулиас ямар арга хэмжээ авдаг вэ?

Хүүхдүүдийн хувьд халдвартай болон халдваргүй сүрьеэгээр өвчилж байна. Гэр бүлийн хавьтлаас сүрьеэгээр өвчлөх нь элбэг. Ер нь сүрьеэ нь хүүхдэд маш хүндээр тусдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд илүү эмзэг тусдаг. Халдваргүй сүрьеэгээр өвчилсөн хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хамруулж нийтийнх нь дунд эмийн эмчилгээг нь хийдэг. Халдвартай сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд гэрт нь тусгаарлан гэр бүлийн гишүүдийн хамт эмчилгээг нь хийж байна.
-Хүүхдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд орон гэр, цэцэрлэг, сургуулийн орчинд ямар зүйлсийг анхаарах шаардлагатай вэ?

-Хүүхдэд бага наснаас нь эхлэн нас насны онцлогт нь тохирсон эрүүл мэндийн зөв дадлыг сургах нь хамгийн чухал. Үүнд зөв ханиаж ,найтаах, нус цэрээ ил задгай хаяхгүй байх, гарыг тогтмол угааж сурах, олон хүнтэй газар явахдаа хувийн ариун цэврээ сайтар сахих гэх мэт.

Хэрэв таны хүүхэд энэ өвчнөөр өвчилсөн бол таны хүүхдэд таны анхаарал халамж маш чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зарцуулах гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглүүлж дархлааг сайн дэмжих нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөтэй. Мөн хүүхдэд эмийг уулгахдаа аль болон өглөөгүүр тогтмол цагт уулгаж хэвших нь илүү үр дүнтэй.

-Сүрьеэ хэдийгээр эмчилдэг өвчин ч гэсэн эмчилгээний үр дүн янз бүр байдаг. Үүний шалтгаан нь юу байдаг вэ?

-Ер нь бол ахуйн хангамж болон хувь хүний өөртөө хариуцлагатай байх хандлага хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Эм тариагаа таслахгүй цаг хугацаанд нь эмчийн зөвлөсөн схем зааврын дагуу ууж чадвал түргэн хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой. Тэгэхдээ сүрьеэ нь харьцангуй урт хугацаанд эмчилгээ хийлгэдэг бөгөөд хамгийн багадаа 6 сар эмчилгээнд хамрагддаг бол, эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилбөл 9-24 сарын хугацаанд бүрэн эмчлэгддэг.

-Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байхад өвчтөн юунд анхаарах шаардлагатай вэ?

-Гол нь тууштай шантралгүй, өвчин эдгэрнэ гэсэн бүрэн итгэлтэйгээр эмээ цаг тухайд нь уух нь хамгийн чухал. Өдөрт олон төрлийн эмийг уудаг тул зарим тохиолдолд эмийн хордлогод орох тохиолдол гардаг. Хордлогын шалтгаанаас үүдэн эмээ уухгүй хаях тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс дээр хэлсэнчлэн сүрьеэ өвчин эдгэрдэг учраас үүнийг даван туулна гэсэн бодолтой эмээ хугацаандаа, тууштай уух хэрэгтэй.

-Сүрьеэг бусад өвчнөөс ялган оношлох шинж тэмдэг нь юу байдаг вэ?

-Сүрьеэ өвчин нь уушгинийх нь бол халуур ч бүлээрэх хөлрөх, ядрах, шалтгаангүй турах гэх шинж тэмдэг илэрдэг бөгөөд эмчид хандан оношоо тодорхой болгох хэрэгтэй.

-Тэгэхээр эрт илрүүлгийн шинжилгээнд иргэдийн хэрхэн хамруулж байна вэ?

-Ер нь иргэн бүр жилд 1-2 удаа өөрийн насны багцад тохирсон эрт илрүүлгийн шинжилгээ оношилгоонд хамрагдаж байх шаардлагатай. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд төр захиргааны болон хувийн байгууллагад долоо хоног бүрийн тав дахь өдөр урьдчилан сэргийлэх сургалт үзлэгийг зохион байгуулдаг. Мөн сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг жилд нэг удаа заавал зохион байгуулж ажилладаг.

-Гэр бүлийн гишүүд сүрьеэгээр өвдсөн гишүүнээсээ хэрхэн өөрийгөө өвчлөхөөс хамгаалах вэ?

-Ахуйн халдвар хамгааллын дэглэмээ барина, хамгийн гол нь чанарлаг хоол хүнс сайн хэрэглэж, ажил амралтаа сайн зохицуулж дархлаагаа дэмжих нь чухал.

-Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633448
0 эможи

Зочин
2021-12-22 19:04
Ёооох ямар аэцүү юм бэ дандаа өвчин тэр сүреэтэй хүнтэйгээ л харьцалдаа ядаргаатай юм өвчин сурталчилаад байхын ямар төвөгтэй юмбэдээ
Хөгийн нэртэй амьтан бэ
2021-12-22 13:27
лол
keyboard_arrow_up