Ө.АЙГҮЛ: Сүрьеэ өвчний эдгэрэлтэнд ар гэрийн ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА хамгаас чухал

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Ковидын үед нийслэлийн Баянгол дүүргийн сүрьеэгийн диспансер жилдээ 300 гаруй Сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн байна.  Мөн цар тахлын үед ч сүрьеэгийн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй эрт илрүүлэг, хамрагдалт хэрхэн явагдаж байгаа талаар Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч эмч Ө.Айгүлтэй ярилцлаа.

-Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, илрүүлэлт, эмчилгээ хэр түвшинд явж байгаа вэ? Ковидын үед энэ талын тусламж үйлчилгээ, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа ярилцлагаа эхлүүлье? 

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь 230 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай сүрьеэгийн диспансер нь жилд ойролцоогоор 300 гаруй сүрьеэгийн тохиолдолыг шинээр илрүүлж эмчилгээнд хамруулдаг. Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахалтай холбоотойгоор илрүүлэлт тодорхой хэмжээгээр багассан боловч бид оношлогдсон шинэ болон давтан тохиолдлуудад эмчилгээ, тусламж үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байна. Эмчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран идэвхтэй ирлүүлэг үзлэг, эмчилгээний хяналтыг тогтмол хийж байна.

-  Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт хичнээн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр оношлогдсон өвчтөн байна вэ?

-БГД-ийн сүрьеэгийн диспансерт одоогийн байдлаар нийт 33 олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-тэй өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Бид эдгээр өвчтөнүүдтэйгээ нягт хамтран уг өвчнийг ялан дийлэхээр хичээн ажиллаж байна. 

-ОЭТС-тэй өвчтөн болон ар гэрт нэн анхаарах, хэрэгжүүлэх ёстой гол зөвлөмжийг өгнө үү? Учир нь ар гэрийн гишүүд бүрэн мэдээлэлгүй байгаа ажиглагдсан тул, мэргэжлийн эмчийн зөвлөмжийг хүргэхэд илүүдэхгүй байх.

Ер нь аливаа өвчин тэр дундаа халдварт өвчнөөр өвчилсөн өвчтөн өөрөө өвдөхөөс гадна, хайртай гэр бүл, хамт олноо эрсдэлд оруулсандаа маш их гутарч, сэтгэлзүйн хувьд хүнд байдалд ордог. Өвчтөн сэтгэл санаагаа тайван байлгаж эмчилгээгээ таслахгүй хийлгэх нь маш чухал.

ОЭТС-тэй өвчтөн 10-24 сарын хугацаанд өдөрт дунджаар 15-20 ширхэг эм уудаг учир маш хүнд байдаг. Зарим тохиолдолд эмийн гаж нөлөө илэрч биеийн болон сэтгэц, нийгмийн тулгамдсан асуудалд өртдөг учир ар гэрийн гишүүд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамтран энэ өвчнийг ялан дийлэх урам зоригийг өгч, ялгаварлан гадуурхалгүй эмчилгээгээ гүйцэд хийлгэхэд туслалцаа үзүүлэх шаардлагатай.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг гэдгийг бид сайн ойлгох нь хэрэгтэй. 

Хэдийгээр сүрьеэ эдгэрдэг өвчин боловч эмчилгээний үр дүн янз бүр байдаг гэсэн. Үүний гол шалтгаан юу вэ? Өвчтөний зүгээс өөрөө эмчилгээндээ хяналт тавьж явах боломж байгаа юу. Өвчтөн хаанаас сүрьеэгийн мэдээ, мэдээллээ тогтмол аваад явах боломжтой вэ?

-Таны хэлсэн үнэн. Эмчилгээний үр дүн өвчтөн бүрд харилцан адилгүй байдаг. Эмчилгээгээ таслах, эмчилгээ тасалснаас болж Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин рүү шилжих, оношлогдсон боловч хавсарсан өвчний улмаас эмчилгээнээс татгалзах гэх мэт шалтгааны улмаас эмчилгээний үр дүн янз бүр байж болдог. Сүрьеэ өвчин агаар дуслын замаар халдварлагддаг ч урьдчилан сэргийлэх нь чухал. Гэр бүлийн гишүүн бүр жил бүр өөрийн насны онцлог, биеийн ерөнхий байдалд тулгуурлан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, маскаа тогтмол зүүж, нус цэрээ ил хаяхгүй байх хэрэгтэй. Мөн цахим сүлжээнээс өвчний талаар маш олон төрлийн мэдээллийг авах боломжтойгоос гадна дүүргүүдийн сүрьеэгийн кабинетаар үйлчлүүлж мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн бий.

Arslan.mn

-Сүрьеэгийн халдвар авсан, өвчин туссан гэх хоёр ойлголт байдаг. Үүний талаар тайлбарлаж өгнө үү?

-Дэлхийд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авдаг. Халдвар авсан 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвчилдөг гэсэн олон улсын тоо баримт бий. Сүрьеэгийн халдварыг сүрьеэгээр өвдсөн халдвартай хүнээс авдаг. Халдвар авсан хүн болгон өвдөхгүй бөгөөд хувь хүний дархлаа их нөлөөлдөг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа өвдөхгүй байх ч боломжтой. Мэдээж сүрьеэ өвчин оношлогдсон хүн эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Өвчилсөн хүмүүс эмчилгээ, хяналтанд орсны дараа тодорхой хугацаанд халдваргүй болдог учир өвчлөөд эдгэрсэн хүнд ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх хэрэгтэй.

- Сүрьеэгийн эмчилгээ хийлгэхэд өвчтөн юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Сүрьеэгийн эмчилгээ олон сараар буюу 6-24 сар хүртэл хугацаагаар үргэлжилдэг тул эмчилгээ хийлгэхэд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй. Мөн гэр бүлийн, хамт олны дэмжлэг, мөнгө санхүүгийн туслалцаа их хэрэгтэй. Эмчилгээнд хэрэглэж буй бүхий л эм, бэлдмэл, тариа нь үнэ төлбөргүй байдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй бүрэн хийлгэвэл “Сүрьеэ өвчин” бүрэн эдгэрдэг юм шүү.

-Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633388
0 эможи

keyboard_arrow_up