ЕБС-иудын 1040 сурагч, багш нар СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт хамрагдлаа
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1040 сурагч, багш ажилчид хамрагдаад байна.
Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд сорил тавилаа.
Мөн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Тус дүүрэгт хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ.
Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй сурагчдыг үзлэгт хамруулсан. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа.
Энэ ташрамд хамтран, дэмжин ажилласан ЕБС-иудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эмч, рентген техникч нар болон Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье” гэлээ.