Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний ТАРХАЛТ ӨНДӨР байна
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүн амын дунд томуу төст өвчний тохиолдол бүртгэгдэж хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо долоо хоног бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар эрсдэлт бүлгийн иргэдийн дундах улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 96.8 хувьтай байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 22.9 (Улаанбаатар 8.2, аймгийн дундаж 32.1) тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс 16 хүртэлх насны 1,542 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 23.5% (363) нь аамьсгалын замын цочмог хурц халдварын шалтгаантай байгаа нь томуу,томуу төсч өвчин нь ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байгааг илтгэж байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 57.9%-ийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бол, үүний 36.8% нь 4 хүртэлх насныхан эзэлж байгаа аж.
Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.
- Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх;
- Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх;
- Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;
- Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
- Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух;
- Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
- Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;
- Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;
- Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх.