ХӨСҮТ-д 830 сая төгрөгөөр амбулаторийн тасгийн хүлээлгийн танхим зэрэг 6 тасагт засвар үйлчилгээ хийгдлээ
ХӨСҮТ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
Тус төв нь 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд ихэнх байрууд нь сүүлийн 10-аад жил барилгын урсгал болон их засварууд хийгдээгүй байна. Тухайлбал, сүүлийн найман жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийгдсэн нь нийт 30 гаруй байгууламжтай тус төвийн хувьд хангалтгүй тоо юм.
Тиймээс 2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээврийн болон барилгын их засваруудыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг, Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны, Хоол үйлдвэрлэлийн тасгийн дээврийг засварлаж, харин Хоол үйлдвэрлэлийн болон Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимын их засварын ажлыг бүрэн хийж дуусгажээ.
Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид лифт шинэчлэх, шинээр лифт суурилуулах ажлыг хийж байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэл хийгдэж гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэний үр дүнд эмнэлэг өөрийн үйлчилгээ үзүүлсэн санхүүжилтээр 11 төсөлд 1,6 тэрбум төгрөгөөр засвар, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаагаас одоогоор дөрвөн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үлдсэн ажлууд дээр бэлтгэл хангагдаж байна.