ХӨСҮТ: Дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ХӨСҮТ-өөс дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд олон ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт /2021.11.12/ Шинжлэх ухаан технологийн их сургуультай /ШУТИС/ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Даваалхам, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Эрүүл мэндийн төвийн захирал С.Ононтуул болон бусад албаныхан оролцлоо.
Талууд дараах хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээр ажиллахаар тохиролцож гарын үсэг зурав. Үүнд:
- Судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээг хамран хэрэгжүүлэх,
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, талуудын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах,
- ШУТИС-ын эрдэмтдийн судалгааны ажлыг үр дүнд бий болсон эрдмийн бүтээлийг үйлчилгээнд турших, хөгжүүлэхэд бодлогоор ХӨСҮТ-ийн зүгээс дэмжин ажиллах,
- ХӨСҮТ-ийн ажил үүргийн хүрээнд халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, эмчилгээ тусламж үйлчилгээний чиглэлээр ШУТИС-ын багш, оюутнуудад дэмжлэг үзүүлж ажиллах гэв.
Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ХӨСҮТ-өөс ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэн хэд хэдэн ажлыг эхлүүлсэн байгаа билээ. Тухайлбал манай эрчимт эмчилгээний тасагт бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлдлийг үзүүлдэг нано технологийн цацлагыг түрхсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай баг уг технологийн үр дүнгийн судалгааг хийж байна. Мөн био, шүлтлэг болон хүчиллэг усыг эмнэл зүйн практикт турших ажил эхэлчихсэн.
Эмнэлгийн үйл ажиллагааг хөдөлгөгч хамгийн том хөдөлгүүр бол тоног төхөөрөмж. Манай эмнэлэг нь оношилгоо, эрт илрүүлэг хийдэг найман том лабораторитай. Эдгээр лабораторт хэрэглэгддэг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах боловсон хүчнийг танай сургууль маш чанартай бэлтгэдэг учраас бид энэ тал дээр санаа зовох зүйлгүй ажиллаж байна. Цаашид энэ мэт маш олон тал дээр хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв.
ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Бидний хувьд гадны улс орнуудтай хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байдаг хэрнээ дотооддоо бие биенээ дэмжих тал дээр алдаад байх тохиолдол ажиглагддаг. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-өөс дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх тал дээр анхаарч, бидэнд хамтран ажиллах санал тавьсанд талархан хүлээн авч байна. Сүүлийн жилүүдэд манай сургууль дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс бусад их, дээд сургуулиуд болон эмнэлгийн байгууллагуудтай нягт ажиллах зорилт тавиад байна. Цар тахлын хүнд хэцүү цагт ачааны хүндийг нэр төртэй үүрч ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн цаашдын ажилд нь бид хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай сургуулийг төгссөн олон ч мэргэжилтнүүд танай байгууллагад ажилладаг. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр дотоод хамтын ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй ШУТИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлсэн бол Дэд захирал Ж.Байгалмаа ШУТИС-ийн Эмчилгээний хоол зүй, тандалт судалгааны мэдээлэл боловсруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хамтын ажиллагааны үр дүнд маш том өөрчлөлт хийх боломжтой гэж харж байна хэмээлээ.