СУРГАЛТ: “Бөөр Судлалын Үндэсний II Семинар-2021” УНТЭ-т болж байна
Өнөөдөр Монголын нефрологийн холбоо, УНТЭ-ийн Бөөрний төв хамтран “Бөөр Судлалын Үндэсний II Семинар-2021”-ыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байна.
Семинарт БНСУ, БНХАУ, Япон улсын мэргэжилтнүүд урилгаар оролцож байгаа бөгөөд манай улсын бөөр, диализын 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Хурлыг нээж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяр хэлсэн үгэндээ “Монголын нефрологийн холбооноос бөөрний эмч, мэргэжилтнүүддээ зориулан гурван төрлийн сургалт, семинарыг зохион байгуулдаг. Үүний нэг бол өнөөдөр зохион байгуулж буй хамтран Бөөр Судлалын Үндэсний II Семинар юм. Дэлхий нийтэд цар тахлын гамшиг нүүрлэж, бид бүхний зохион байгуулдаг танхимын олон арга хэмжээ цуцлагдаж байгаа хэдий ч өнөөдөр бид цахим технологийн тусламжтайгаар илүү өргөн хүрээг хамарсан семинар хийх боломжтой болсон. Энэ удаагийн семинарт бидэнд мэдлэг, чадвараа харамгүй хайрладаг багш нар, БНСУ, БНХАУ, Япон Улсын профессорууд оролцож, эмч мэргэжилтнүүдэд зөвлөмжийг хүргүүлэх юм. Семинарын дараа сургалтын материалуудыг ном болгон тараахаас гадна Ebook хэлбэрээр тараах юм. Сургалт маань танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эмч мэргэжилтнүүд тус семинарт идэвхитэй оролцож, лекцийн үеэр асуулт асуун мэргэжилтнүүдээс хариулт авах бүрэн боломжтой.” хэмээлээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал:
Монголын нефрологийн холбоо, УНТЭ-ийн Бөөрний төв, Раффейл интернейшнл хамтран энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд дээрх хамт олондоо талархал илэрхийлье. Цар тахлын улмаас маш олон хурал, семинар, сургалтууд цуцлагдаж байгаа хэдий ч бид хамтран олон улсын хурлыг тасалдуулалгүй амжилттай зохион байгуулж байна. Тус хурлын үеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон амжилт, туршлага, судалгаа шинжилгээ болон эмнэл зүйн үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшлээ ярилцах юм. Монгол анагаах ухааны салбарт түүчээ болон ажиллаж буй бөөрний эмч, мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Гэлэгжамц:
“Бөөр судлал бол дотрын анагаах ухааны томоохон салбар. 1970 оныг хүртэл манай оронд бөөр судлалын бие даасан тасаг байгуулагдаагүй, дотрын ерөнхий мэргэжлийн хүрээнд л бөөрний тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. Харин 1970 онд УНТЭ-т бөөрний тасаг байгуулагдсанаар бөөрний өвчний оношилгоо, эмчилгээнд шинэ шинэ арга, технологиуд нэвтэрч, богино хугацаанд маш амжилттай ажилласан. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд шинжилгээний олон төрлийг эмчилгээндээ нэвтрүүлж, бөөрний цочмог архаг дутагдлыг эмчлэхэд гемодиализын аргыг эмчилгээндээ нэвтрүүлсэн нь энэ салбар хөгжих том шат болсон. Эмчилгээнд энэ арга нэвтрээгүй байхад энэ төрлийн өвчнөөр амь насаа алдах тохиолдол 90 хүртэл хувьтай байсан бол өнөөдөр энэ тоо маш бага болсон. Үүнээс гадна манай эмч нарын чадвар ч сайжирсан. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал ч өнөөдөр манай улсад нэвтрээд олон хүний амь насыг аварсан. Цаашид ч олон улсын эмч нартай хамтран илүү өндөр түвшинд хүргэнэ гэж найдаж байна.
Өнөөдрийн семинар нь
- Бөөр судлал,
- Гемодиализ,
- Хэвлийн диализ,
- Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг гадаад болон Монгол улсад нэвтрүүлсэн, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэрэг нийт дөрвөн чиглэлээр зохион байгуулагдаж байна.