ХӨСҮТ-өөс МЭДЭГДЭЛ гаргалаа
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа.
Уг мэдэгдэл "ХӨСҮТ нь 2021 оны 11 сарын 10-ны өдөр хэвтэн эмчлүүлэгчдийг таних бугуйвч, хэвлэх болон унших төхөөрөмж худалдан авах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан билээ.
Тус сонгон шалгаруулалтыг зарлахдаа Олон улсын үйчлүүлэгчийг зөв таних стандарт болон ДЭМБ-ын үйлчлүүлэгчийг таних удирдамж, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/514 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/554 дугаар тушаалуудад үндэслэсэн ба эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах ажлын хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс ажилбар үйлдэл хийхийн өмнө үйлчүүлэгчийг зөв таних үйл явцыг тодорхойлж, баталгаажуулсан байх, мэс засал, мэс ажилбар, эм өгөх, тарилга хийх, шинжилгээ авах, цус, цусан бүтээгдэхүүн /ЦЦБ/ сэлбэх, тусгай эмчилгээний хоол хүргэх зэрэг үйлдэл хийх бүрийн өмнө үйлчлүүлэгчийг таньж, тусламж үйлчилгээ үзүүлэх явцыг тодорхойлсон журамтай болно. Тус журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, цус алдах эрсдэлтэй, унах эрсдэлтэй, саа саажилттай, харшилтай, харшлын / анафилакси/ шок өгч байсан өгүүлэмжтэй, MRSA халдвартай, харааны болон сонсгол, хэл ярианы бэршээлтэй үйлчлүүлэгчээ ялган, эрсдэлээс урьдчилан сэргийлж, чанар аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд олон улсад болон дотоодын эмнэлгүүдэд өдөр тутамд ашиглагддаг үйлчлүүлэгчийг таних бугуйвчийг эмнэлгийн орчиндоо нэвтрүүлэхээр зорьж байна.
Иймээс https://eguur.mn/ сайт дээр нийтлэгдсэн “ДАТА: ХӨСҮТ 173 саяар өвчтөнөө таних БУГУЙВЧ АВНА” гэх агуулга бүхий мэдээлэл нь хэт нэг талыг барьсан бөгөөд албаны эх сурвалжаас тодруулга мэдээлэл авалгүйгээр олон нийтэд мэдээлсэн байна. Иймд байгууллагын нэр хүндийг гутаахад чиглэгдсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байхыг хүсье. " гэжээ.