ХӨСҮТ-д эмчлүүлэгчдэд зориулсан хоолны халуун савыг хүлээлгэн өглөө
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/ 2020 оноос эхлэн “Дэзэрэт” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагаас өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлэгчдийн хоолыг тасаг руу халуунаар нь зөөхөд зориулан 16 ширхэг 20 литрийн багтаамжтай халуун савыг хүлээлгэн өгч, дэмжлэг үзүүллээ.
Тус үйл ажиллагаанд Дэзэрэт ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Пүрэвжаргал, ХӨСҮТ-ийн Ерөхий захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хандивласан "ДЭЗЭРЭТ" Олон улсын энэрлийн байгууллагад баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн тэрбээр “Эмчлүүлэгчид шаардлагатай эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн баллон бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай хэрэгслүүд юм. ХӨСҮТ нийт 550 ор дэлгэдэг. Үүнээс 400 гаруй орыг коронавируст халдварт зориулан дэлгэж байгаа бөгөөд эрчим эмчилгээ болон хүчилтөрөгч шаардлагатай хүнд эмчлүүлэгчдийн тоо манайд бусад эмнэлгүүдийг бодвол харьцангуй их байгаа. Тиймээс та бүхний олгосон эмнэлгийн хэрэгсэл болгон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хувь нэмэр их байгааг хэлэх нь зүйтэй байна.” гэдгийг энэ үеэр онцлов.
"ДЭЗЭРЭТ" Олон улсын энэрлийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-д Японы “Paramount” брэндийн олон үйлдэлт ухаалаг 10 ширхэг ор, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор 75 сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж, улаан бурхан болон томуугийн вакцин ХӨСҮТ-зөөврийн хүчилтөрөгчийн баллон, зөөврийн дефиберлятор /зүрхний цахилгаан аппарат/, маск зэрэг 700 гаруй сая төгрөгийн тусламж, дэмжлэгийг үзүүлсэн байна.