ХЭН ЮУ ХЭЛЭВ: Томуугийн дэгдэлт идэвхжлийн түвшинд ирээд байгааг анхааруулж байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөлгөөн”-ийг өнөөдөр /2021.10.29/ зохион байгуулж байна.
Томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд хүрчээ. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн дунд томуу томуу төст өвчин 10000 хүн амд 25.9 хувьтай байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 51.5 хувийг 15 хүртэлх насныхан эзлэж байгаа бол үүний 31.9 хувь нь 4 хүртлэх насныхан байна. Өмнө долоо хоногтой харьцуулахад өвчдөл 4 хүртлэх насанд 2.7 хувиар нэмэгджээ.
Зөвлөлгөөнөөс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн дэгдэлт идэвхжлийн түвшинд ирээд байгааг анхааруулж байна
ХӨСҮТ ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Дэлхий дахинд КОВИД-19 өвчний цартахалтай тэмцэж, нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр бид бүхэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцэж байна.
Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд КОВИД-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд орчилд орж, ялангуяа 4 хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, идэвхжилтийн түвшинд ирээд байна. Тиймээс цар тахлын үед томуугийн эсрдэлийг хэрхэн бууруулах уу, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг өнөөдрийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж байна.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтанд жил бүр хамрагдах бөгөөд тус томуугийн улиралд нийт 360,600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15%-ийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөлгөөнд оролцогсдын зүгээс уриалж байна.
Ц.ЭРДЭМБИЛЭГ: Ковидын шинж тэмдэг томуутай адилхан тул хүүхдүүдийг ялган оношилох шинэ технологиудыг нэрвүүлэх шаардлагатай
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг " Ковидын цар тахлын үед нийгмийн хариу арга хэмжээ авсан олон удаагийн хөл хорионоос шалтгаалан томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний гаралт буурсан. Гэхдээ энэ 10 дугаар сараас эхлэн 0-4 хүртэлх насны хүүхдийн дунд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Энэ удаагийн зөвлөлгөөн Ковидын цар тахлын үед болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Бидний хувьд сүүлийн хоёр жил ковидтой тэмцсэний үр дүнд маш олон туршлаа хуримтлуулсан. Энэ туршлага, ололт амжилтуудаар цаашдаа томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний эсрэг тэмцэнэ.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 556 мянган хүн коронавирусийн батлагдсан тохиолдлоор өвдсөн байна. Мөн 4 хүртэлх насны хүүхдүүдийн оношилгооны технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Учир нь энэ томуу, томуу төст өвчин, ковидын шинж тэмдгүүд адилхан байгаа учир ялган оншилох нь чухал. Тиймээс өнөөдөр зөвлөлгөөнөөр шинээр нэвтрүүлэх арга оношилгоонуудын талаар хэлэлцэж байна.
А.БУРМАА: Томуугаас сэргийлэх найдвартай арга бол томуугийн дархлаажуулалт
ХӨСҮТ, Томуугийн үндэсний нэгжийн дарга, АУ-ны доктор А.Бурмаа: Томуугийн үндэсний нэгж нь томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн мэдээ, мэдээллийг цуглуулдаг. Тэдгээрт онош тавигдсан тохиолдолд сорьц цуглуулж, амьсгалын замын ямар өвчин шалтгаан болж байна вэ гэдгийг тодорхойлон ажиллах юм. Энэхүү зөвлөлгөөнийг жил болгон зохион байгуулдаг уламжлалтай. ДЭМБ, АНУ-ын Өвчин, эмгэгийн сэргийлэлтийн төвийн дэмжлэгээр олон арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Энэхүү арга хэмжээнүүд маань сүүлийн 2 жил цар тахалтай холбоотойгоор таслалдах тохиолдол байсан. Өнөөдрийн зөвлөлгөөнд ХӨСҮТ, ДЭМБ-ын төлөөлөл, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон томуугийн өвчин хариуцсан тархвар судлаач эмч нар оролцож байна.
Цар тахлын амаргүй үед бид энэ удаагийн зөвлөлгөөнийг цахимаар болон тахимаар гэсэн хосолсон хэлбэрээр явуулж байна.
Бас нэг анхаарах зүйл жил ирэх тусам томуугийн вакцинд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдэж эхэлсэн. Хүмүүс томуугийн вакцины үр дүнг ойлгож эхэлсэн. Томуу болон коронавирус халдварын вакцин хамрагдснаар тухайн хүн халдвар авсан ч гэсэн өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал юм. Ер нь томуугаас сэргийлэх чухал арга бол томуугийн дархлаажуулалт байдаг.
Вакцинд хамгийн түрүүнд жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, архаг өвчтэй хүмүүс, ахмад настнууд, эмнэлгийн эмч, ажилтнууд хамрагдах юм. Жирэмсэн ээж томуугийн вакцин хийлгэснээр хүүхэд дархаалаатай төрдөг.
Ц.АЛИМАА: Орон нутагт томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа: Өнөөдрийн зөвлөлгөөн ковидын үеийн цар тахлын дэгдэлт, томуугийн дэгдэлтийн улирал эхэлсэн энэ үед эрүүл мэндийн салбарын тэр тусмаа эмчилгээ, оношилгооны асуудлаар бодлогын төвшинд мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болжээ. 2020 онд орон нутагт томуугийн дэгдэлт өмнө жилүүдтэй харьцуулахад бага байсан бол энэ жилээс томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ удаагийн зөвлөлгөөн цагаа олсон чухал ач холбогдолтой.
Томуугийн улиралтай холбоотой Увс аймгийн хувьд 470 орыг бэлэн байдалтай төлөвлөсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад ороод байна. Тиймээс томуу өвчнөөс шалтгаалсан орны хүндрэл гарахгүй гэж төлөвлөж байна.