ЗӨВЛӨЛГӨӨН: КОВИД цар тахлын үед томуугийн дэгдэлтийг хохирол багатай даван туулахад эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал чухал
ЭМЯ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөлгөөн”-ийг өнөөдөр /2021.10.29/ зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон судлаач, эрдэмтэд оролцлоо.
Тус зөвлөлгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцэж байна.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД хэлсэн үгэндээ, “2021 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд КОВИД-19 өвчиний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд орчилд орж, ялангуяа 4 хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Манай томуугийн тандалтын тогтолцоо сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тогтвортойгоор хөгжиж ирсэн. Цаашид коронавируст халдварын тандалтыг томуугийн одоогийн байгаа тандалтын тогтолцоотой уялдуулан, эпидемиологийн болон вируслогийн тандалтыг хийх нь чухал ач холбогдолтой юм. Иймээс бид эрх зүйн орчинг сайжруулах, эмч, мэргэжилтэнг чадавхжуулах, хариуцлагатай байх цаг үе ирээд байна. Энэ тандалтын тогтолцоог тогтвортой ажиллахад та бүхний хөдөлмөр, хүчин чармайлт чухал гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
Коронавируст халдварын цар тахал, томуугийн дэгдэлтийг хохирол багатай даван туулахад эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хувь хүний хариуцлага, шинэчлэл, санал санаачилга, салбар хоорондын хамтын ажиллагаа, юу юунаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе. ” гэв.
ХӨСҮТ ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Дэлхий дахинд КОВИД-19 өвчний цартахалтай тэмцэж, нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр бид бүхэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцэж байна.
Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд КОВИД-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд орчилд орж, ялангуяа 4 хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтанд жил бүр хамрагдах бөгөөд тус томуугийн улиралд нийт 360,600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15%-ийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж дуусаад байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөлгөөнд оролцогсдын зүгээс уриалж байна." гэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг " Ковидын цар тахлын үед нийгмийн хариу арга хэмжээ авсан олон удаагийн хөл хорионоос шалтгаалан томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний гаралт буурсан. Гэхдээ энэ 10 дугаар сараас эхлэн 0-4 хүртлэх насны хүүхдийн дунд томуу томуу төст өвчний дэглэт нэмэгдэх хандлагатай байна. Энэ удаагийн зөвлөлгөөн Ковидын цар тахлын үед болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой. Бидний хувьд сүүлийн хоёр жил ковидтой тэмцсэний үр дүнд маш олон туршлаа хуримтлуулсан. тэр туршлагаар цаашдаа томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй тэмцэнэ. Өнөөдрийн зөвлөлгөөнөөр эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй холбоотой эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүхий л эрдэмтэн, судлаачид оношилгоо, эрт ирүүлэг, урьдчилан сэргийлэлт, цаашдын хариу арга хэмжээний тактикаа хэрхэн зөв зохион байгуулах уу, хууль эрх зүйн орчныг хүртэл хэлэлцэж байна. Ингэснээр халдварт өвчний цар тахлын үед томуугийн дэгдэлтийг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулах төвлөгөө гаргах ач холбогдолтой юм." гэв.