“Амжилт бүтээлээр дүүрэн Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 96 жилийн ойн баярын хурал“
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн түүхт 96 жилийн ойн баярын хурал цахим болон танхимын хэлбэрээр энэ сарын 25-ны өдөр боллоо.
Энэхүү баярын хуралд УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Хишигжаргал, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга П. Эрхэмбаяр, Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр, Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ч. Энхболд болон эмч, ажилтнууд оролцлоо.
Хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, " Нийт хамт олондоо энэ түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр ууган эмнэлгийн маань 96 насны ой тохиож байна. Энэ жилийн хувьд манай хамт олноос элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын баг хамт олон төрийн шагнал хүртсэн, шинээр гурван гавьяат төрсөн, эмч ажилтнууд маань олон олон шагнал гавьяа хүртсэн түүхэндээ байгаагүй амжилттай ажилласан жил боллоо. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэсэн юм.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга П. Эрхэмбаяр: УНТЭ-ийн түүхийг бүтээлцэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлс хэрэгт өөрийн бие сэтгэл, ур чадвараа харамгүй зориулж, хичээн ажиллаж буй эмнэлгийн ажилтан та бүхэндээ түүхт 96 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Энэ түүхэн цаг үед хамтран ажиллаж, түүхийн нэгээхэн хэсэг болж байгаадаа баяртай байна. УНТЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, төсвийг батлах, эмч эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан билээ. 2021 оны 8 дугаар сарын ээлжит хуралдаанаар эмч эмнэлгийн ажилчдын цалинг ханалгүй нэмэгдэл байдлаар 20 хувиар нэмэгдүүлсэн. Цаашид ТУЗ-ийн зүгээс эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх талаар анхааран ажиллах болно. Анхдагч, манлайлагч эмнэлгийнхээ хамт олондоо түүхт 96 жилийн ойн баярын ахин хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.
Мөн энэ үеэр УНТЭ-ийн захиргаа нь хамт олон, ажилчид дундаас олон жилийн их хөдөлмөрийнхөө үр шимээ үнэлүүлж, хөдөлмөр зүтгэлээр гавьяа байгуулсан ажилчдаа алдаршуулах зорилгоор “Хөдөлмөрийн хүндэт дэвтэр”-ийг 1989 оноос хойш хөтөлж ирсэн. 96 жилийн ойг тохиолдуулан энэхүү Хүндэт дэвтэрт 1984 оны 07 дугаар сарын 01-нд анх энэхүү ууган эмнэлгээс ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж, 37 дахь жилдээ ажиллаж буй Клиникийн профессор, Дотрын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Доржийн Чулуунцэцэг эмчийг алдаршуулан тэмдэглэв.
Хүндэт дэвтэрт нэрээ алдаршуулсан Д. Чулуунцэцэг эмч " УНТЭ-ийг би “Миний төрөлх эмнэлэг” гэж хэлэх дуртай. Би 1984 онд АУИС-ийг төгсөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажиллаж эхэлсэн. Миний амьдралын 37 жил энэ эмнэлэгтэй салшгүй холбоотой, миний хоёр дахь гэр болсон: Өөрийнхөө мэргэжилд бага боловч өсөн дэвжих талаас минь бололцоотой бүх боломжоор энэ эмнэлэг маань хангаж өгсөөр ирсэнд ихэд талархаж явдаг" гэдгийн энэ үеэр онцлов.
Мөн эмнэлгийнхээ үйл хэрэгт цуцашгүйгээр хөдөлмөр зүтгэлээ зориулсан эмнэлгийн эмч, эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдээ алдаршуулан Монгол улсын Засгийн газрын шагнал болох Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Д. Ариунзул, Б. Долгормаа, А. Хаш-Эрдэнэ, А. Болортуяа, Ш. Бүжинлхам, О. Мөнхцэцэг, Э. Дамдинжав нарыг шагсан бол ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр 28 эмч, эмнэлгийн ажилчид шагналаа.
Түүнчлэн энэ жилийн ойн баярын хурлаар “Бид азтан хамт олон” азын сугалааны хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд нийт 24 азтаныг тодруулж үнэ бүхий зүйлээр шагнасан юм.