ХӨСҮТ: НҮБ-аас вакцин, био бэлдмэлийн төв агуулахад шинээр “эко цахилгаан үүсгүүр“-ийг суурилуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Өнөөдөр /2021.10.20/ ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана нарыг хүлээн авч, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын үйл ажиллагааг танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Вакцин, био бэлдмэлийн төв агуулахад эко цахилгаан үүсгүүр буюу нарны цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулах шаардлагатай байгааг хэлж, тус төвийн вакцины хадгалалтын талаар" танилцуулсан юм. Улмаар нарны цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулахад нийт 600-800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд уг төсөлд НҮБ-аас дэмжлэг хүслээ. Уг саналыг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишрын зүгээс хүлээн авч, санхүүжилтийн тал дээр харилцан хэлэлцэж, нааштайгаар шийдвэрлэх болно гэдгийг онцолсон юм.
Үргэлжлүүлэн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра “ХӨСҮТ-ийн шинэ удирдлагад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Маш богино хугацаанд улсын хэмжээнд вакцин хадгалах төв агуулах барьж ашиглалтад оруулаад, техникийн горимын дагуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 4 сая тун вакциныг дагалдах хэрэгслүүдтэй хамт хадгалж, тээвэрлэн түгээхэд бэлэн байгааг харахад баяртай байна. Мөн Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг вакцинд иргэдээ идэвхтэй хамруулсан үзүүлэлт нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад үлгэр жишээ болж байгаа” гэдгийг онцлов.
Дашрамд дурдахад, Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах нь өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 2 давхар, хуучин агуулахаас 4 дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх юм.