Г.БАЙГАЛМАА: Ковид-19 халдварын улмаас залуучуудад ТАРХИНЫ ХАРВАЛТ үүсэх эрсдэл нэмэгдэж байна
Ковид-19 халдварын үед тархины харвалт ихэссэн талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн (УГТЭ) Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Байгалмаатай ярилцлаа.
-Ковид-19 халдварын үед тархины харвалт өгөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд тархины харвалт дэлхий дахинд болон манай улсад улам нэмэгдэх хандлага байна. Учир нь Ковид-19 халдвар нь хүний биеийн цусанд бүлэгнэлтийн алдагдал үүсгэж, тархины цусан хангамжийг алдагдуулан тархинд хүчилтөрөгчгүйдэлд хүргэн мэдрэлийн шинжүүд ихээр илэрч зовиурлахаас гадна маш их стресс бухимдалд оруулан хэвийн ажил төрөл хийхэд төвөгтэй болгодог. Үүнтэй холбоотойгоор залуу насны хүмүүст тархины харвалт үүсэх эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн хавсарсан эмгэгтэй болон даралт ихсэх өвчтэй хүмүүс Ковид-19 халдвар авч тархины харвалтаар хүндрэж байгаа тохиолдлууд ихээр хэвтэн эмчлүүлж байна.
- Залуучуудад тархины харвалт өгөх эрсдэл юунаас болж үүсч байгаа вэ?
-Залуу насны хүмүүс Ковид-19 халдвар авчаад хайхрамжгүй хандаж байгаа нь буцаад олон талын эрсдэлийг дагуулдаг.
Тухайлбал, надад зовиур илрээгүй, зүгээр томуугийн ханиад, зөвхөн нус л гойжиж байгаа гээд эмээ ч тууштай уухгүй, хэнэггүй явах нь их. Энэ нь нэг талаараа бусад хүмүүст халдварыг халдаах, нөгөө талаараа эмчилгээ хийлгүй удаан явж цаг хугацаа алдсанаас тухайн хүний биенд зовуурь өгч, уушигны хатгалгаагаар хүндрэх, тархины цусан хангамжийн алдагдал гүнзгийрч мэдрэлийн олон шинжүүд илэрч, артерийн даралт нь ихсэн тархины харвалт болж хүндэрч амь насандаа аюул учруулж байна. Хэрэв халдвар хамгааллаа сайн барих, Ковид-19 талаар мэдээлэл сайтай байж эрт оношлоод эрт эмчилгээгээ хийлгэвэл тархины харвалт болтол нь хүндрэхгүй шүү дээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар УГТЭ-ийн Харвалтын тасгаар Ковид-19 халдварын улмаас тархины харвалтаар хүндэрсэн 25 гаруй эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлсэн нь өндөр тоо юм. Халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1-2.5 хувь нь цочмог буюу хурц тархины харвалт өгч байгаа нь маш их анхаарал татаж байна.
Тархины харвалт өвчин нь нас баралтаараа дээгүүрт ордог бөгөөд тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвар алдалтаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Монголчуудын хувьд мөн нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна. Манай улсад Коронавирусийн халдвараар амиа алдах хүмүүсийн тоо өндөр байна. Гэтэл энэ тархины харвалт, зүрхний шигдээс өвчнөөр нас барах хүмүүсийн тоо түүнээс хэд дахин өндөр байгаа нь манай салбарынхны хувьд сэтгэл эмзэглүүлсэн асуудал. УГТЭ-ийн зүгээс олон талын арга хэмжээ, эмчилгээний технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа ч иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, эрүүл мэндийн боловсролтой, зөв дадалтай байх нь юу юунаас илүү чухал нөлөөтэй болоод байна.
-Харвалт нь дотроо хэдэн янз байдаг вэ? Бид урьдчилан сэргийлэхийн тулд юуг зайлшгүй анхаарах ёстой вэ?
-Харвалт нь дотроо хоёр янз байдаг. Тархи маш олон судасжилттай эрхтэн. Тархины аль нэг судас нарийсч бөглөрөхийг тархины шигдээс харвалт харин аль нэг судас хагарч тархины эдэд цус хуран нэвчихийг тархины цус харвалт гэж үзнэ. Артерийн даралт ихсэлт тархины харвалт үүсгэх гол шалтгаан юм.
“Монголчуудын хувьд артерийн даралт ихсэлт ихтэй мөртлөө даралтаа маш муу хянадаг хүмүүс”
Эмч нарын хувьд таны даралт өндөр байгаа тул эмээ тогтмол уугаарай гэж анхдагч урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг ч иргэд зөвлөмжөө дагаагүйн улмаас тархины харвалтаар хүндрээд ирдэг.
Эмч, мэргэжилтнүүдийн хувьд урьдчилан сэргийлэх тал дээр маш их анхаарч, мэдээлэл өгч ажилладаг ч ард түмэн үүнийг сайн анхаардаггүй, анхдагч урьдчилан сэргийлэх ажлыг хүн бүр дор бүрнээ сэргийлэхгүйгээс болоод тархины харвалт өвчин буурахгүй байна.
Залуучуудын хувьд амьдралын буруу хэв маяг, хорт зуршил, сүлжээний батлагдаагүй уураг эм тариа хэрэглэх, ажлын ачааллын зохицуулга, сэтгэл зүйн стресс бухимдал гэх мэт өөрчилж болох хүчин зүйлсийг мөрдөхгүй, өөрчлөхгүй байгаагаас болж тархины харвалт, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх тохиолдол их байна.
Уг нь дээрх хэдхэн зүйлийг л эрүүлээр хийж дадахад бид дараа нь гарах маш том хүндрэлээс өөрийгөө хамгаалж чадах юм.
Түүнчлэн өөрчилж болохгүй хүчин зүйл буюу удмын даралт ихсэлт өвчин, төрөлхийн судасны эмгэг, зүрхний гажиг гэх мэт эмгэгтэй хүмүүс эмчийн зөвлөсөн зөвлөгөө эмийг тогтмол уух хэрэгтэй.
Артерийн даралт нь өндөр гээд батлагдчихсан хүмүүс бол даралтын эмээ тогтмол уух ёстой.
Гэтэл залуучууд даралт нь их гэдгээ мэдсээр байж тоохгүй хаячихдаг. Үүний хор уршгаар насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болох, тахир дутуу, саа саажилттай болох, хэлгүй, харааны бэрхшээлтэй болох, оюун ухаан танин мэдэхүйн алдагдал, сэтгэл гутралд орох гэх мэт маш олон үлдэц өөрчлөлттэй үлддэг тул эрүүл мэндээ нэгт тавьж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байна.
-Тархины харвалт өвчин хэдий хугацаанд эмчлэгддэг вэ?
-Эмчилгээний хувьд хамгийн хурдандаа гурван сарын хугацаа шаарддаг. Манай харвалтын тасгийн хувьд хурц харвалттай хүмүүсийг долоо хоногийн дотор эмчилгээ хийж дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлдэг. Гэхдээ хүнд өвчтэй хүмүүст хэзээ ч эмчилгээний хоног заахгүй. Үнэхээр эдгэрэлт удаан биеийн байдал туйлын хүнд байх юм бол зургаан сар хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлэх тохиолдол ч байна. Мэс засал орох заалттай эмчлүүлэгчид цаг алдалгүй мэдрэлийн мэс заслын тасаг руу мэс засал болон эмэн эмчилгээ үргэлжлүүлэхээр шилждэг. Тархины харвалт гэдэг өвчин 10 хоногийн дотор эдгэрчихдэг өвчин биш. Удаан хугацааны эмэн болон сэргээн засах эмчилгээ, ар гэрийн маш их хүч хөдөлмөр тусламж шаарддаг хүнд өвчин.
-УГТЭ-ийн хувьд мэдрэлийн чиглэлээр улсдаа тэргүүлэх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Танай эмнэлгээс салбарлан хэд хэдэн томоохон эмнэлгүүд зүрх, мэдрэлийн тасгийг нээн, тусламж үйлчилгээгээ үзүүлэх болсон. Танайхаас тогтмол зөвлөх үйлчилгээ өгч, чадвахжуулах тал дээр хамтран ажилладаг уу?
-УГТЭ-ийн тархины харвалтын тасаг, зүрхний шигдээсийн тасаг нь улсдаа энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг ганц тасаг байсан. Харин ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор улсын нэг, хоёрдугаар эмнэлгүүдэд Тархины харвалтын тасаг нээгдэж, тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Мөн УНТЭ, УХТЭ Мэдрэлийн мэс заслын тасагтай болж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж, тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн нь бидний ачааллыг хуваалцах, ард иргэдэд тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгаа.
УГТЭ-ийн зүгээс тархи, зүрх, мэдрэлийн чиглэлээр улсын хэмжээнд удирдан чиглүүлж, зөвлөж, чадвахжуулах тал дээр анхаарч ачаалалтай ажилладаг.
Жишээ нь бид 21 аймаг, сумдын иргэддээ хүрч ажиллахын тулд телемедицин буюу онлайнаар өвчтөнөө үзэх, орон нутгийн эмч нартай хамт оношилогоо, шинжилгээнд нь дүгнэлт хийх, эмчилгээний зөвлөмж, зөвлөгөөг 24 цагийн хугацаанд өгч ажиллаж байна. Үүний үр дүнд бид олон иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрт илрүүлэх, эмчилгээний үр дүн болон нааш тээвэрлэх асуудлыг шийдэн баг хамт олон минь ажиллаж байна.
Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд тархины харвалт, зүрхний шигдээс, тархины ангиографи, мэдрэлийн мэс заслын чиглэлээр хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг зургаан сарын хугацаанд сургадаг.
Гэхдээ энэ үйл ажиллагаа Коронавирусийн цар тахлаас болоод сүүлийн нэг жил зогссон боловч одоо сургалтуудаа үргэлжлүүлнэ.
-Таны хувьд хэдэн оноос хойш харвалтын тасагт ажиллаж байгаа вэ?
- УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын төв нь мэдрэл болон мэдрэлийн мэс заслын тасаг, харвалтын тасаг, тархины ангиографи болон сэргээн засах тасгуудаас бүрддэг. Манай тасгийн эмч нар бүгд тархины харвалтаар мэргэшсэн мэдрэлийн нарийн мэргэшлийн эмч нар байдаг.
2013 оны 10 дугаар сараас эхлэн УГТЭ-ийн Харвалтын тасаг үүсэн байгуулагдсан. Өнөөдөр ес дэх жилдээ энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Миний хувьд 2008 оноос хойш УГТЭ-т мэдрэл болон харвалтын тасгийн эмчээр, одоо харвалтын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
Манай тасгийн хувьд тархины харвалтаар мэргэшсэн таван эмч, зөвлөх эмч, тархины харвалтаар мэргэшсэн сувилахуйн том баг болох нэг ахлах сувилагч, есөн сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эмч нарын хувьд тархины харвалтаас гадна тархины судасны бичлэг, нарийн шинжилгээнүүдээ хийх, бусад тасгууд болон дүүрэг аймгуудад зөвлөгөө өгч ажилладаг. Манай харвалтын тасаг 21 ортой. Гэвч Ковид-19 халдварын улмаас эрчимт эмчилгээний 10 орондоо Коронавирусийн халдвартай өвчтөн, үлдсэн 11 орондоо тархины харвалттай хүмүүсээ авч байна. Өнөөдрийн нөхцөл байдалд эрчимт эмчилгээний эдгээр ор үнэхээр хүрэлцэхгүй байдаг. Учир нь бид нэг л дүүрэгт үйлчилдэггүй, улсын хэмжээнд үйлчилдэг учраас ачаалал их, хүрэлцээ муутай байдаг. Манай улсын эрүүл мэндийн салбар байгаа бүх нөөцөө өнөөдөр ашиглаж байгаа ч энэ хүнд цаг үед үнэндээ хүрэлцэхгүй байгааг тал бүртээ мэдэж байгаа байх аа.
-Хоногт яаралтай түргэн тусламж, хүлээн авахаар тархины харвалттай хичнээн өвчтөн ирдэг вэ?
-УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг хүлээн авах маш их ачаалалтай байдаг. Хоногтоо 5-10 тархины хурц харвалтын тохиолдол ирдэг. Тэр хүмүүсээ бид бүгдийг нь л эрчимт эмчилгээндээ авмаар байдаг ч орны хүрэлцээнээсээ болоод биеийн байдлыг нь эрэмбэлж, харьяа дүүрэгт нь шилжүүлэх нь бий. Үнэхээр амь насанд нь аюултай, биеийн байдал нь маш хүнд, тархины судсан дотуурх оношилгоо болон мэс засал орох заалттай, хол аймгаас тээвэрлэгдэн ирсэн хүмүүсийг цаг хугацаа харгалзахгүйгээр тархины харвалтын тасагт хэвтүүлдэг. Цаашид бусад II болон III шатлалын эмнэлгүүд маань тархины харвалтын нэгж тасгуудаа идэвхжүүлэн ажиллуулж хамтран тархины харвалтын тусламж үйлчилгээг үзүүлэн, ард түмэн тархины харвалтын анхдагч урьдчилан сэргийлэлтэндээ анхаарч хамтдаа тэмцэхийг уриалж байна.